Ниссан Патрол болон газ тээвэрлэж явсан машины жолооч нарыг баривчилжээ

timelive.mn 2024-01-25

Баянзүрх дүүргийн Дүнжингарав худалдааны төвийн замын уулзварт осол гаргасан жолооч нарыг өнгөрсөн шөнөөс эхлэн 48 цагийн хугацаатайгаар саатуулжээ.

Тодруулбал “Дашваанжил” компанийн жолооч Р, ачааны автомашинтай мөргөлдсөн Ниссан Патрол загварын машины жолооч М нарыг өөрийн болон бусдын эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй гэх үндэслэлээр шүүхээс баривчлах шийдвэр гаргасан байна.

Тэднийг өнгөрсөн шөнө 00:00 цагийн орчимд саатуулсан байна. “Саатуулсан хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэх ба жолооч нарыг эмчид үзүүлэх, сэтгэл санааг тогтвортой болгож, тайвшруулах зохицуулалт хийгдэнэ. Санамсар болгоомжгүй байдлаас үйлдэгдсэн хэрэгт цагдан хорих бодлого барихгүй, гадуур шалгахаар төлөвлөж байгаа”-г Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Баривчлах саналыг мөрдөгч болон тээврийн прокуророос шүүхэд хүргүүлжээ.

Хийн түлш/Газ/ тээвэрлэж явсан машин дэлбэрсний улмаас гурван хүн амиа алдаж, олон иргэн эрүүл мэндээрээ хохирч, орон гэргүй болоод байгаа билээ.