Британийн иргэд болзошгүй хуурай замын дайнд бэлтгэлтэй байх ёстойг тус улсын зэвсэгт хүчний генерал Лхагва гарагт болсон арга хэмжээний үеэр хэлжээ.
Ингэж хэлсэн генерал Патрик Сандерс нь Британийн зэвсэгт хүчний жанжин штабын дарга юм. Өчигдөр Лондон хотод байлдааны хуягт техникийн сэдвээр болсон хуралд оролцохдоо генерал “Шаардлагатай тохиолдолд ард иргэдээ дайнд оруулахад бэлдэх нь хүсмээр зүйл биш хэдий ч зайлшгүй чухал болоод байна. Ойрын гурван жилийн дотор Британийн армийн стратегийн нөөцийг 120,000 хүргэх нь ухаалаг алхам болно” гэж ярьжээ.
Энэ оны сүүлээр ажиллах хугацаа нь дуусах генерал Их Британи улс зөвхөн тэнгисийн болон агаарын хүчиндээ найдаж болохгүйг анхааруулсан байна.
“Бид хуурай замын дайнд найдвартай тулалдаж, ялах чадвартай байх ёстой” гэж хэлсэн Сандерс холбоотнууд нь ч бас энэ чиглэлд ажиллаж эхэлснийг сануулжээ.
“Оросын аюул ойрхон байгааг илүү хурц мэдэрч буй зүүн болон умард Европын холбоотнууд маань аль хэдийнээ ухаалаг арга хэмжээ авч, үндэсний хэмжээний дайчилгааны сууриа тавиад эхэлсэн байна. Украины жишээ дайныг байнгын арми эхлүүлдгийг харуулж байна. Тэгвэл иргэдийн арми ялдаг байх ёстой” гэж тэр хэлжээ.
Өнгөрсөн долоо хоногт НАТО-гийн зэвсэгт хүчний хорооны тэргүүн, адмирал Роб Бауэр гишүүн орнуудынх нь иргэд Оростой хийж болзошгүй ирээдүйн дайнд бэлтгэлтэй байх шаардлагатайг бас анхааруулсан юм.
Их Британийн батлан хамгаалахын сайд Грант Шаппс тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 2.1 хувьтай тэнцэж буй салбарын зардлаа ойрын ирээдүйд 2.5 хувьд хүргэх хүсэлтэй байгаагаа өнгөрсөн долоо хоногт ярьжээ.
Дэлхий ертөнц “дайны дараах эринээс дайны өмнөх эринд” шилжиж буйг сайд энэ үеэр онцолсон байна.
2006-2009 онд Британийн зэвсэгт хүчний жанжин штабын тэргүүн асан Ричард Даннат саяхан одоогийн нөхцөл байдлыг 1930-аад оны Нацистуудын түрэмгийллийг няцааж чадаагүй “эмгэнэлт” байдалтай зүйрлэн ярьжээ.
Генерал Сандерсын мэдэгдлийн дараа Их Британийн ерөнхий сайдын хэвлэлийн алба иргэдийг цэрэгт дайчлах систем шинээр нэвтрүүлэхгүй гэсэн засгийн газрынхаа байр суурийг батлан илэрхийлсэн байна.
“Британийн арми сайн дурын хүчин дээр суурилдаг бахархам уламжлалтай билээ. Бид үүнийг өөрчлөх төлөвлөгөөгүй байна” гэж ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Макс Блэйн мэдэгджээ.
Тэрбээр энэ үеэрээ “таамаглалын дайнд хэт автах сайн зүйл биш” гэж анхааруулсан байна.
Их Британийн түүхийнхээ турш сайн дурын зарчмаар армиа бүрдүүлдэг байсан бөгөөд зөвхөн дэлхийн нэг, хоёрдугаар дайны үеэр дайчилгааны систем хэрэглэж байжээ.
Эх сурвалж: AFP
0 cэтгэгдэлтэй