Улаанбаатар хот авлигаас болж дарьтай торх болсон. Газар олголт, нийтийн тээврийн асуудлаар дагнасан түр хороо байгуулна

timelive.mn 2024-01-25

Өнөөдөр Засгийн газар ээлжит хуралдаанаа хийж гаргасан шийдвэрүүдээ танилцууллаа.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Улаанбаатар хот дотуураа аюултай ачаа тээвэрлэдэг, төмөр замтай түүнтэй нь ойрхон маш олон орон сууц, үйлчилгээний төвүүд шахаж баригдсан байдаг. Үүнийг шийдэхтэй холбоотой тойрог замын асуудал яригдаж байна.

Улаанбаатар хот газар, утаа, нийтийн тээврийн асуудлаасаа эхлээд дарьтай торх болж хувирсан байна. Үүний уг үндэс нь явсаар авлига дээр очиж байна. Сүүлийн 20 жилийн авлигаас болж хэн ч гарч ирээд асуудлыг шийдэх боломжгүй түвшиндээ тулчихсан байна” гэв.

Иймд өнгөрсөн 20 жилийн газар олголт, авлига, нийтийн тээврийн асуудлаар дагнаж олон нийтийн мэдэх эрхийг хангах үүднээс нотлох баримтыг шинжлэн судлах түр хороо байгуулж үүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайд өөрөө ахлахаар болсон байна.