Онцгой байдлын албаны төсвийн асуудлаар Сангийн сайд Б.Жавхлангаас тодрууллаа.
-ОБЕГ-аас төсөв тааруу, төсөвтөө тааруулж алба хаагчдынхаа хувцас хэрэглэлийг нь авч өгдөг гэж ярьж байна. ОБЕГ-аас өгсөн мэдээллээр нийтдээ 300-350 тэрбум төгрөг шаардлагатай байдаг боловч энэ жил 10-15 тэрбум төгрөг төсөвлөгдөж, үүнийхээ 10 хувийг хувцсандаа зарцуулж байна гэдгийг газрын дарга нь ярилаа…
-Монгол Улсын төсвийн ерөнхий зохицуулалттай холбоотой асуудал. Энэ жил сайд нараас 26 их наядын санал ирсэн байдаг. Эндээс 22 их наяд нь төсөвт багтсан. Хөрөнгө оруулалтад нийт сайд нараас 10.3 их наядын санал ирсэн. Үүнээс 3.3 их наяд нь төсөвт багтсан. Энэ хоёр нийлээд 25 их наяд болж, Монгол Улсын төсөв боогдсон. Тэгэхээр 2024 оны сайд нарын санал, төсвийг харьцуулж нэг харах хэрэгтэй. Сайд нараас ирсэн санал, төсөв үргэлж танагддаг. Ирсэн саналыг бүгдийг нь төсөвт багтаах ямар ч боломж байхгүй.
Шадар сайдын багцад багтдаг ОБЕГ-ын 2023 оны төсөв 212 тэрбум төгрөг байсан. 2024 онд 426 тэрбум болсон. Хоёр дахин илүү болсон. 103 хувь нэмэгдсэн. Энэ дотор хөрөнгө оруулалт болон урсгал зардлыг нь салгаад харъя. Урсгал зардал нь 2023 оных 166 тэрбум, энэ оных 216 тэрбум буюу бусдаас хамгийн өндөр хувиар нэмэгдсэн. 2024 онд БХЯ, ОБЕГ бусад яам агентлагуудаас хамгийн өндөр хувиар нэмэгдсэн. Ялангуяа цэрэг, хүчний байгууллагын алба хаагчдын норм, нормативтай холбоотой урсгал зардлуудыг 2021, 2022 онуудад ковид болон төсвийн хязгаарлалттай холбоотой нэмж чадаагүй байснаа нөхөж нэмсэн. Шинээр нэмэгдэж орж ирсэн 17.2 тэрбумын тоног төхөөрөмждөө багтааж, тоног төхөөрөмжийнхөө худалдан авалтыг хийх бүрэн боломжтой.
Барилга байгууламжуудын хувьд 2023 онд 7.5 тэрбум, энэ онд гурав дахин их буюу 21.5 тэрбум байгаа. Төсвөөс орж байгаа хөрөнгө оруулалт нь 2023 оноос тав дахин нэмэгдсэн. Гадаадын тусламж нь өнгөрөгч онд 30.1 тэрбум төгрөг байсан бол ирэх онд 151 тэрбум болж байгаа.
Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Онцгой байдлын комисс хуралдсан. Тэнд яригдсанаар аль хэсгийг нь нийслэлээс гаргах уу, аль хэсгийг нь Засгийн газрын нөөц хөрөнгөгөөс гаргах уу, даатгалаар аль хэсэг нь гарах нь уу гэх зүйлсийг ярилцлаа. Таван тэрбум төгрөгийг хамгийн оновчтой, яаралтай байгуу зүйл дээр төсөвлье гэж Ерөнхий сайд шийдвэр гаргалаа. Нэн тэргүүнд нас барж, алтан амиа алдсан алба хаагчдын ар гэр болон тэнд чиглэсэн аливаа зардлуудыг бүрэн гаргах, цаашдаа ар гэр, үр хүүхдүүдэд нь тусламж үзүүлэх шийдвэр гаргалаа. Тэрнээс хувь хүмүүсийн машин, тоног төхөөрөмжийн хохирол даатгалаар явна. Даатгуулагчдын эрсдэлийг татвар төлөгчдийн мөнгөөр хааж болохгүй. Буруутай этгээдүүд нь тодорч, эцсийн акт нь гарах хүртэл хугацаанд орон байртай орох боломжгүй байгаа хүмүүсийн түрээсийн орон сууцны асуудлыг шийдье гэж ярьцгаалаа. Мөн нийслэлээс нэлээд зардал гарахаар байна.
-Бүх алба хаагчдыг хувцас хэрэглэлээр хангахад 400 орчим тэрбум төгрөг болдог гэнэ.
-Би энэ мэдээллийг өөрөөс тань сонсож байна. 2024 оны төсөвт сайдаас ирсэн саналд тийм зүйл байгаагүй. Ер нь ирүүлсэн саналаас нь төсөвт танагдсан. Ер нь бүх төсөв танагддаг. Танагдаад өссөн хэмжээг нь харах юм бол өмнөх оноос хамгийн их өсөлттэй байгаа нь БХЯ, ОБЕГ. Боловсролоосоо хасах уу, эрүүл мэндээсээ хасах уу ийм л асуудал яригдана. Өнгөрсөн жилийн үерээс өгсүүлээд дайны үеийн хүнд хүнд үеүүдийг өнгөрөөлөө. Тиймээс алба хаагчдын хувцас хэрэглэл, техник тоног төхөөрөмжөөр хангах нь нэн тэргүүний ажил юм байна гэдгийг сүүлийн дөрвөн жил бүгдээрээ харлаа. Ийм үед төсөв рүү дайръя гэвэл уучлаарай тийм зүйл байхгүй.
0 cэтгэгдэлтэй