“Канвон-2024” олимпын эрэгтэй цаначдын уралдаанд Т.Өсөх-Ирээдүй 22, А.Хүслэнгийн хувьд 42-р байрт орлоо

timelive.mn 2024-01-30

“Канвон-2024” олимпийн эрэгтэй цаначдын 7.5 километрын уралдаан Alpensia Biathlon Centre-т явагджээ.

Энэ гараанд 79 тамирчин хурд сориход Германы Якоб Элиас Мох 19:47.2 минутаар түрүүлж, Канвоны олимпын хоёр дахь медалиа өөрийн болгов. 17 настай тамирчны хувьд өчигдөр болсон спринт уралдаанд тэргүүлэгчээс 0.33 секунд хоцрон дэд байрт орсон юм.

Тэгвэл тус гараанд хурд сорьсон манай тамирчин, ОУХМ Т.Өсөх-Ирээдүй 79 тамирчнаас 22-р байрт орлоо. Тэрбээр өөрийн зайг 20:51.9 минутад туулжээ.

Булган аймгийн Тэшиг сумын ЕБС-ийн 11-р ангийн сурагч Т.Өсөх-Ирээдүйгийн хувьд өсвөрийн УАШТ-ээс 13 алт, хүүхдийн спортын наадмаас 3 алтан медаль хүртсэн, цанын спортын ирээдүй болсон шилдэг залуу тамирчин юм.

Тамирчин А.Хүслэнгийн хувьд 22:01.7 минутын үзүүлэлтээр 42-р байрт орлоо. Манай цаначид хоёрдугаар сарын 1-нд буюу наадмын сүүлийн өдөр 4х5 км-ийн холимог буухиа уралдаанд өрсөлдөх болно.

зураг

МҮОХ

Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хороо