Хятадад нийлүүлсэн Газпромын хийн хэмжээ Европын алдагдсан зах зээлийн 11 хувийг нөхжээ

timelive.mn 2024-01-31

Украины дайн улмаас алдсан Европын зах зээлээ Хятадын зах зээлээр бүрэн орлуулах зорилготой байгаагаа өнгөрсөн аравдугаар сард Газпром компанийн ерөнхийлөгч Алексей Миллер хэвлэлд ярьж байв.

Тэгвэл энэ зорилго биелэхэд хол байгаа нь өчигдөр Оросын төв банкнаас гаргасан төлбөрийн тэнцлийн тайлангаас харагдаж байна.

Өнгөрсөн онд Хятадын зах зээлд “Сибирийн Хүч” дамжуулах хоолойгоор нийлүүлсэн Оросын байгалийн хийн хэмжээ 23 тэрбум шоо метр болж, өмнөх оноосоо 7 тэрбумаар буюу 1.5 дахин нэмэгджээ.

Энэ өсөлт Европын зах зээлийн алдагдлыг тодорхой хэмжээгээр нөхсөн тухай дээрх тайланд дурдсан байна.

Украины дайн эхлэхээс өмнө ОХУ гадаад зах зээлд нийтдээ 185 тэрбум шоо метр хий экспортолдог байжээ. Үүний 10 тэрбум орчим нь Хятадад, 145 тэрбум нь Европын зах зээлд нийлүүлэгддэг байв.

Дайн эхэлснээс хойш Европын зах зээлд нийлүүлэх хийн хэмжээ буурсаар 2023 онд 30 орчим тэрбум шоо метр хүрчээ.

Эндээс харвал Европын 115 тэрбум шоо метрийн алдагдлыг Хятадын 13 тэрбум шоо метрийн өсөлт л нөхсөн байна. Өөрөөр хэлбэл алдагдлын 11 орчим хувь болжээ.

Одоо Газпром “Сибирийн Хүч” хоолойн дамжуулалтыг жилд 30 тэрбум шоо метрт хүргэх, “Сибирийн Хүч 2” дамжуулах хоолойг шинээр байгуулах замаар Хятадын нийлүүлэлтийг өсгөх зорилготой байна.

 

Эх сурвалж: The Moscow Times