Израилийн арми Хамасын довтолгоог зогсоохын тулд Газын хонгилуудад ус цутгаж эхэлжээ

timelive.mn 2024-01-31

Палестины Хамас зэвсэгт байгууллагын эсэргүүцлийг зогсоохын тулд Газын зурваст газар доогуур байгуулсан хонгилын системд ус цутгаж эхэлснийг Израилийн арми өчигдөр мэдээлжээ.

“Энэ бол Хамасын газар доогуурх хонгилын сүлжээний аюулыг саармагжуулах зорилгоор Израилийн зэвсэгт хүчний ашиглаж буй олон төрлийн арга хэрэгслийн нэг юм” гэж уг мэдэгдэлд өгүүлсэн байна.

Израилийн армийнхны “Газын метро” гэж нэрлэдэг энэ систем аравдугаар сард дайн эхлэх үед нийтдээ 500 гаруй километр үргэлжилсэн 1,300 орчим салбар хонгилоос бүрдэж байжээ.

Гэхдээ энэ арга хэмжээ нь Хамасын барьцаанд байгаа хүмүүсийн амь насанд эрсдэл учруулж байна.

Аравдугаар сарын 7-ны өдөр Хамасын дайчид Израилийн нутаг дэвсгэрт халдахдаа голдуу энгийн иргэдээс бүрдсэн 250 орчим хүнийг барьцаалсан юм.

Тэдгээрээс сүүлийн байдлаар 28 нь алагдаж, 104 нь барьцаалагдсан хэвээр байгаа. Барьцааны хүмүүсийг Газын хонгилуудад нууж байх магадлалтай юм.

Хамасын халдлагын дараа Израилийн арми Газын зурваст газар, ус, агаараар өргөн хэмжээний дайн явуулсны улмаас 26,751 хүн амиа алдсаны ихэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байна.

Арванхоёрдугаар сард анх Израилийн арми Газар дундын тэнгисээс татсан хоолойгоор Газын хонгилуудад ус цутгахаар бэлдэж байгаа тухай мэдээлэл цацагдсан юм.

Хэрвээ ингэвэл Газын иргэний байгууламжууд, дэд бүтцэд асар их аюултай гэж мэргэжилтнүүд үзэж байгаа.

“Энэ нь нэгэнт муудаад байгаа Газын зурвасын цэвэр, бохир усны дэд бүтцэд ноцтой хохирол учруулах болно. Далайн ус нэвчсэний улмаас барилга, зам нурах эрсдэл ч бий” гэж Палестины нутаг дэвсгэр хариуцсан НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн зохицуулагч Линн Хастин тухайн үед анхааруулж байв.

Израилийн арми өчигдрийн мэдэгдэлдээ бүс нутгийн гүний усны аюулгүй байдлыг хангаж ажиллахаа амласан байна.

“Ус шахах ажлыг зөвхөн хонгил дотор, тохиромжтой байршилд явуулж, тохиолдол тус бүрд өөр өөр арга хэрэглэнэ” гэж мэдэгдэлдээ тайлбарлажээ

2007 онд Хамас байгууллага Газын зурвасыг хяналтдаа авсны дараа уг хонгилын системийг Израилийн хориглолтыг давж Египет рүү бараа, зэвсэг, хүн зөөхдөө ашиглаж байсан гэдэг.

Харин 2014 онд болсон Хамас-Израилийн дайны дараа сүлжээг өргөтгөж, цэрэг дайны зориулалтаар ашиглах болжээ.

 

Эх сурвалж: AFP