“Монголын Эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжил” чуулган эхний өдрийн хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд болж өндөрлөлөө.
Энэ үеэр Эдийн Засаг, Хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын танилцуулсан “Баруун бүсийн хөгжил, тэргүүлэх чиглэл” илтгэлээс тоймлон хүргэе.
Тэрбээр “Баруун таван аймгийн хамгийн их ДНБ-ий үйлдвэрлэлтэй нь Ховд. Монгол Улсын хэмжээнд ДНБ-ий хэмжээгээр баруун бүс нь дөрөвдүгээр байрт бичигддэг.
Үндэсний статистикийн газрын мэдээллээр орон нутгийн хөгжлийн индексээр баруун бүс улсын хэмжээнд доороосоо хоёрдугаарт явж байгаа. Харин баруун аймгуудын цалингийн хэмжээ улсын дунджаас доогуур юм.
Ядуурлын түвшнийг авч үзвэл улсын дундаж 27.8 хувьтай. Гэтэл ганцхан Баян-Өлгий аймаг 22.8 хувьтай бөгөөд бусад аймаг нь улсын дунджаас илүү буюу ядууралтай байна. Говь-Алтай аймгийн ядуурлын түвшин хамгийн өндөр.
Баруун бүсийн аймгуудад Улаанбаатар, ОХУ, Хятад гэсэн гурван том зах зээл байгаа. Нэмэх нь баруун аймгуудын махыг Арабын орнууд авдаг. Баруун аймгууд Улаанбаатартай авто замаар холбогдсон. Тиймээс нөгөө хоёр зах зээл рүү гарах замын бүтээн байгуулалтыг хийх хэрэгтэй.
Даян боомтын асуудлаар Баян-Өлгийн аймгийн иргэдээс хүсэлт ирүүлдэг. Даян боомтыг Өлгий хоттой холбож цаашаа Цагааннуур руу гарах боломжтой. Ингэснээр Даян боомтын цаана буй БНХАУ-ын холбогдох бүсээр бизнес, аялал жуулчлалын суваг үүсэх боломжтой. Мөн баруун аймгуудын хөгжил давхар явагдах юм.
Арц суурийн боомтыг Түдэвтэй сумын төв замтай холбосноор Завхан чиглэлээр ОХУ руу гарах боломжтой болно. Гурван том зах зээлд авто замаар холбогдсоноор эдийн засаг тэлнэ.
Эдийн Засаг, Хөгжлийн Яам ОХУ-тай таван хоногийн өмнө хоёр өдөр тасралтгүй гэрээ хэлэлцээр хийсэн. Үр дүнд гурван нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг гаргах талаар хэлэлцсэн юм. Үүнд:
- мах болон махан бүтээгдэхүүн,
- арьс болон арьс ширээр хийсэн бүтээгдэхүүн,
- ноос ноолуур болон ноос ноолуураар хийгдсэн бүтээгдэхүүний 400 гаруй барааг ОХУ руу татваргүй оруулах гэрээ хэлэлцээр хийгдэж байна.
ОХУ-аас цахилгаан эрчим хүч, нефть, тэсэлгээний бодис, бордоо, хүнсний бараа авдаг. Худалдааны үзүүлэлтийг харвал 97 хувь нь ОХУ, гурван хувь нь манай улсынх юм. Тэгэхээр ОХУ-тай худалдаа алдагдсан учраас Монголын бүтээгдэхүүнийг гаргахаар гэрээ хэлэлцээр хийгдсэн гэсэн үг.
БНХАУ-ын Гадаад харилцааны яамны Хөгжил шинэтгэлийн хороо руу худалдааны хэлэлцээр байгуулах бичиг явуулсан. Энэ асуудал сүүлийн 20 жил огт яригдаагүй. Гэтэл БНХАУ-ын бараа бүтээгдэхүүн манай хил рүү чөлөөтэй ордог. Харин Монголын бараа бүтээгдэхүүн орох гэхээр саад учирдаг.
Энэ хоёр хэлэлцээрээр баруун аймгуудын боомт амилж эхэлнэ. Энэ оноос Улиастай, Алтай, Ховд, Улаангом чиглэлийн авто замын ажлууд эхлэх юм. Мөн Арц сууриас Шивээхүрэн рүү явах баруун босоо 623 км төмөр замын бодлого батлагдсан. Үүнээс салаалаад Шивээн хүрэнгээс Ховдын Булган руу гарах хувилбар яригдаж байгаа.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудал яригдаж бөгөөд гэхдээ зээлийн гэрээнд гарын үсэг зурагдаагүй. Удахгүй зурагдах болов уу. Үндсэндээ баруун аймаг талдаа сэргээгдэх эрчим хүч рүү явах нь зүйтэй.
Баруун аймаг бол түүхийн дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газар нутагтай. Тиймээс энэ чиглэлд онгой анхаарал тавьж хөгжүүлэх шаардлагатай.
ААН, иргэдтэй уулзахад чадвартай боловсон хүчин дутагдаж байгааг ярьсан. Тэгэхээр аймгуудын төв дээр МСҮТ, коллеж, Японы жишгээр коосен байгуулах ажлыг эхлүүлнэ. Ингэснээр баруун аймгийнхан дотооддоо боловсрол авах боломжтой юм.
Хамгийн гол нь хэн хийх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Ихэнх ажлыг хувийн хэвшил хийгээсэй. Зээл авсан тохиолдолд зөвхөн дэд бүтцэд зарцуулна. Зээл харж хөгжил дэвшил ирэхгүй. Хөрөнгө оруулалт хүчтэй дэмжигдсэнээр баруун аймгууд хөгжиж, иргэдийн амьдрал сэргэнэ” хэмээн танилцуулав.
0 cэтгэгдэлтэй