Гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг энэ сарын 7-ноос Чингэлтэй дүүргийн нэг цэгийн үйлчилгээний төв олгоно

timelive.mn 2024-02-2

Гадаадын Иргэн, Харьяатын Газрын төв салбарт олгогддог гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг 2024 оны хоёрдугаар сарын 7-ны өдрөөс буюу ирэх Лхагва гарагаас эхлэн Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээний төвөөс нэгдсэн байдлаар олгохоор болжээ.

Тодруулбал уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын оршин суух зөвшөөрөл шинээр авах, сунгах, хэлбэр, төрөл, уригч өөрчлөх, үнэмлэх дахин авах хүсэлт зөвшөөрөгдсөн тохиолдолд хүсэлт гаргагчийн бүртгэлтэй цахим хаягаар мэдэгдэл очих ба мэдэгдэл очсоны дараагаар хотын төвд буюу Чингэлтэй  дүүргийн үйлчилгээний цэгт очиж гадаадын иргэний оршин суух үнэмлэхээ хүлээж авах юм байна.

Гадаадын иргэн, уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хэвлэгдсэн оршин суух үнэмлэх авахдаа:

  1. Гадаадын иргэн өөрийн биеэр очих тохиолдолд өөрийн хүчин төгөлдөр бичиг баримтыг эх хувиар үзүүлж, бичиг баримтын хуулбарыг хураалгана.
  2. Аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага болон итгэмжлэгдсэн ажилтан нь өөрийн хүчин төгөлдөр бичиг баримтыг авчрах  бөгөөд оршин суух зөвшөөрөл хүсэх үед гаргасан албан хүсэлт, итгэмжлэл  байгаа бол итгэмжлэлийг хувиар, өөрийн хүчин төгөлдөр бичиг баримтын хуулбарын хамт авчирч тус тус хураалгана.

 

Эх сурвалж: ГИХГ