Хоригдож байсан “Хятадын тагнуул” тагтааг амьтны эрхийг хамгаалагчдын шахалтаар Энэтхэгийн эрх баригчид суллажээ

timelive.mn 2024-02-5

Хятадын тагнуул хэмээн сэжиглэгдэж, найман сарын турш хоригдож байсан тагтааг Энэтхэгийн цагдаагийн газар сулласан тухай амьтны эрхийг хамгаалах PETA олон улсын байгууллагын төлөөлөгч мэдээлжээ.

“Парел дахь Бай Сакарбай Диншавын нэрэмжит амьтны эмнэлэгт найман сарын турш хоригдож байсан тагтааг манай байгууллагын Энэтхэг дэх салбарын ажилтнуудын хүчин чармайлтын үр дүнд суллалаа” гэж уг мэдэгдэлд дурдсан байна.

Өнгөрсөн оны тавдугаар сард далавч дээр нь хятад ханзаар бичсэн үг байсан гэсэн шалтгаанаар Мумбай хотын боомтоос уг тагтааг барьж байжээ.

Тухайн үед Мумбай хотын цагдаа тагтааг тагнуулын хэрэгт сэжиглэж, шалгуулахаар амьтны эмнэлэгт шилжүүлсэн юм байна.

Энэтхэгийн цагдаа нар тагтааг гэмт хэрэгт сэжиглэсэн анхны тохиолдол энэ биш юм. 2016 онд эрх баригчид ерөнхий сайд Нарендра Модиг сүрдүүлсэн утгатай зурвас тээж явсан гэх нэг тагтааг шалгаж байжээ.

Зэрлэг амьтныг тагнуулын үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэх дуулиан өмнө нь ч бас гарч байсан. 2019 онд нэгэн цагаан халим олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлын төвд орж байв.

Камер бэхэлсэн тусгай хүзүүвчтэй энэ халим Шведийн эргийн уснаас олдож байжээ. Ийм төрлийн халим сүрэглэж амьдардаг бол тэр халим ганцаар усан онгоцнуудыг дагаж, дээр нь зорчиж яваа хүмүүстэй харилцан тоглож байв.

Сүүлд Хвалдимир гэх хочтой болсон түүнийг Оросын армийн тусгайлан сургаж бэлдсэн амьтан байж болзошгүй хэмээн сэжиглэж байжээ.

 

Эх сурвалж: CNN