Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум Хатгал тосгоны 6 дугаар багийн “Урандөш” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 170 км-т, Хатгал тосгоны төвөөс зүүн хойд зүгт 70 км-т/ Хөвсгөл нуурын мөсөөр зорчиж явсан суудлын автомашин мөс цөмөрч усанд суусан тухай дуудлагыг 02 сарын 07-ны өдрийн 16:05 цагт хүлээн авсан.
Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 9 алба хаагчид “Модон хүй” гэдэг газраас Хатгал тосгоны чиглэлд 5 зорчигчтой зорчиж явсан иргэн Ц-ийн “Хайлюкс” загварын суудлын автомашин мөс цөмөрч урд дугуйгаараа усанд суусан байсныг 22:08 цагт татан гаргаж, 5 иргэний амь нас, 80 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.
Хөвсгөл аймгийн хэмжээнд мөс цөмөрч гол нуурын усанд суусан дуудлага 2023 онд 7 удаа, 2024 он гарсаар Хөвсгөл нуурт 2 удаа, Галт суманд 1 удаагийн дуудлагаар алба хаагчид ажиллаад байгаа юм.
Иймд иргэд сар шинийн баяр амралтын өдрүүдэд хөдөө орон нутаг руу зорчихдоо гол нуурын мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэж өөрийн болон бусдын амь нас эд хөрөнгийг эрсдэлд оруулахгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
Эх сурвалж: Хөвсгөл Онцгой байдлын газар
0 cэтгэгдэлтэй