ОХУ-ын Чита хот шинэ гудамжнуудаа Хятад, Монгол, Буриадын хотуудаар нэрлэнэ

timelive.mn 2024-02-15

ОХУ-ын Өвөр Байгалын хязгаарын засаг захиргааны төв Чита хот шинээр байгуулагдах бичил дүүргийнхээ гудамжнуудыг Хятад, Монгол, Буриадын хотуудаар нэрлэхээр болжээ.

Хотын захирагч Евгений Ярилов холбогдох албаныханд ийм даалгавар өгсөн тухай тус хотын захиргааны Телеграм хуудас өчигдөр мэдээлсэн байна.

Тухайлбал захирагчийн саналаар Чита хотод Улаан-Үд, Бээжин, Хайлаар, Манжуур, Чойбалсангийн нэрэмжит гудамжнууд байгуулагдахаар болжээ.

Түүхэн болон ах дүү хотуудын хэлхээ холбоотой гэсэн үндэслэлээр дээрх хотуудын нэртэй гудамжнууд байгуулах болсныг захирагч Ярилов тайлбарласан байна.

Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотод, Монгол улсын Дорнод аймгийн төв Чойбалсан хотод бас Читийн нэрэмжит гудамжнууд байдгийг захирагч тайлбартаа дурджээ.

 

Эх сурвалж: chita.ru