Ж.Мөнхзориг: Халиа, тошингийн асуудлыг ингэж шийднэ гэж хэлж чадахгүй. Одоогоор мөсөөр түр аргацааж байгаа

timelive.mn 2024-02-15

Улсын Онцгой Комиссын Шуурхай штабаас Улаанбаатарын хэмжээнд халиа, тошин үүссэн зарим цэгт очиж нөхцөл байдал талаар мэдээлэл өгч байна. Өнөөдөр нийт гурван цэгт ажиллах юм.

Тус ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд үүсээд буй халиа, тошингийн эсрэг авч буй арга хэмжээний талаар Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр холбогдох албаны хүмүүсээс тодрууллаа.

“Энэ жил цас их орсон учраас шар усны үер мөсөн даланг давах эрсдэлтэй болсон”

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бригадын генерал Б.Ууганбаяр: Танай дүүргийн хэмжээнд халиа, тошингийн эрсдэлтэй хэдэн газар байгаа вэ?

Сонгинохайрхан дүүргийн дэд бүтэц хөгжлийн албаны орон нутгийн өвөлжилт үйлдвэрийн газрын дарга Ж.Мөнхзориг: Долдугаар хорооны Керамикийн нэгдүгээр гудамжинд нийт 20 айл халиа, тошинд өртсөн. 20 айлаас 14 нь газраа өмчилсөн, зургаа нь эзэмшихийн гэрчилгээтэй. Үүнээс 16 айл нь байшинтай юм.

Энэ хэсэг бол ай сав биш. Сонгинохайрхан дүүргийн үндсэн ай сав гэдэг нь Баруун болон Зүүн салаагаар орж ирээд Монлаагийн уулзвар дээрээс 26 дугаар хорооны дундуур орж Толгойтын гүүр рүү явдаг юм. Дээрээсээ булаг гардаг, мөн далантай.

Одоогоор мөсөөр далан хийж байгаа. 20 айл хашаагаа тулгаад барьчихсан учраас эрсдэлтэй. Энэ жил цас их орсон учраас шар усны үер мөсөн даланг давах эрсдэлтэй болсон.

Бригадын генерал Б.Ууганбаяр: Үер ороод ирэхэд та нар ямар арга хэмжээ авах вэ?

Сонгинохайрхан дүүргийн дэд бүтэц хөгжлийн албаны орон нутгийн өвөлжилт үйлдвэрийн газрын дарга Ж.Мөнхзориг: Халиа, тошингийн асуудлыг ингэж шийднэ гэж хэлж чадахгүй. Одоогоор мөсөөр түр аргацааж байгаа. Шар усны үер ороод ирэхэд шийдэл гаргаж чадахгүй байгаа юм.

Бригадын генерал Б.Ууганбаяр: Эрсдэлтэй 70 гаруй айл руу шар усны үеэр орж ирэхэд танай дүүрэгт машин, техник төхөөрөмж байгаа юу. Хэрхэн төлөвлөж байгаа вэ.

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга А.Алтансүх: Дүүргийн ажлын хэсэг гурван удаа хуралдсан. Халиа, тошин арваннэгдүгээр сард үүсэхэд бэлтгэл ажлаа хангасан. Халиа, тошин үүсэх газруудад нөөц шороо бэлдэж, шаардлагатай үед техник ашиглаж далан босгодог.

Сонгинохайрхан дүүргийн дэд бүтэц хөгжлийн албаны орон нутгийн өвөлжилт үйлдвэрийн газрын дарга Ж.Мөнхзориг: Төгөлдөрийн гүүрний доор 30 машин шороогоор далан хийсэн. Мөсөөр далан хийгээд, доогуур нь халианы ус нэвчиж гарангуут гаднаас нь шороогоор манасан.

Үндсэндээ аж ахуйн маягаар амь аргацаасан арга хэмжээг өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхэлж авч байгаа. Төрийн өмчит байгууллага, хувийн хэвшлээс техникээ төлөвлөнө. Гэхдээ өнөөдрийн байдлаар төлөвлөгөө байхгүй байгаа нь үнэн.