ГРАФИК: Дэлхийн ураны нөөцийг улс орноор харуулбал

timelive.mn 2024-02-15

Цөмийн эрчим хүч чухал ач холбогдолтой, их зардалтай, янз бүрийн үр дагавартай гэх мэт ойлголтуудаас болоод ураныг ховор элемент гэж үзэх хандлага бий.

Гэхдээ уран нь үнэндээ нэлээд элбэг. Жишээлбэл, алт, мөнгөнөөс ч илүү элбэг бөгөөд олдцоороо дэлхийн царцдас дахь цагаан тугалгатай адил юм.

Дэлхийн цөмийн холбооноос хамгийн сүүлд 2023 оны наймдугаар сард ураны нөөцийн тархалтыг 2021 оны өгөгдлөөр боловсруулж, улс орон тус бүрээр нь гаргажээ.

Австрали, Казахстан, Канад улсууд хамгийн их буюу дэлхийн нийт ураны нөөцийн 50 гаруй хувийг эзэмшиж байна.

Гэхдээ эдгээр гурвын дотроос Австрали хамгийн том нь бөгөөд одоогоор 1.7 сая гаруй тонн ураны (дэлхийн нөөцийн 28%) нөөц илэрсэн байна. Аделаида хотоос хойд зүгт 600 километрийн зайд орших Olympic Dam уурхай дэлхийн хамгийн том ураны орд бөгөөд сонирхолтой нь  бас зэсийн дөрөв дэх том орд юм.

Дэлхийн хамгийн том ордыг эзэмшдэг хэдий ч Австрали нь одоогоор ураны үйлдвэрлэлээрээ дөрөвдүгээрт, бүх цаг үеийн ураны олборлолтоороо тавдугаарт жагсдаг.

Эхний гурваас гадна Орос, Намиби хоёр улс ижил хэмжээний буюу тус бүр 470,000 тонн ураны нөөцтэй байгаа нь нийт нөөцийн 8% орчим хувийг бүрдүүлж байна.

Өмнөд Африк, Бразил, Нижер улсууд тус бүрдээ нийт нөөцийн 5%-ийг эзэмшдэг бол Хятад улс 3% буюу 224,000 тонн, Монгол Улс 2% буюу 145,000 тонн ураны нөөцтэй эхний аравт бичигдэж байна.

Дэлхий дээрх ураны нийт нөөц тодорхойгүй бөгөөд шинэ ордууд цаг үргэлж нээгдсээр байдаг. Хайгуулын ажлыг сайжруулах технологийн ачаар дэлхийн ураны нөөц сүүлийн арван жилд л гэхэд 25 орчим хувиар өсжээ.

 

Эх сурвалж: visualcapitalist.com