О.Номинчимэг: Үерийн даланг хүчитгэхэд зориулан 20 тэрбум орчим төгрөг төсөвлөсөн

timelive.mn 2024-02-16

Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголд тусгасан хөрөнгө юунд зарцуулагдах талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг өнөөдөр мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тэрбээр “Сургууль, цэцэрлэг барихаар таван байршилд газар чөлөөлөх асуудлаар ААН-үүдтэй зөвшилцөлд хүрсэн. Үүнд Кинг тауэр хотхонд сургууль барих газрыг чөлөөлөхөөр Эко констракшн компанитай зөвшилцөлд хүрсэн. Газрыг өөр байршлын газраар солих байдлаар шийдсэн.

Газрын асуудлыг шийдсэн байршлуудад сургууль, цэцэрлэг барих төсвийг тавьж байгаа.

Чингэлтэй дүүргийн гэр хороолол, Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүргийн Яармагт зэрэг 10 байршилд улсын сургууль, цэцэрлэг барих шаардлагатай байгаа. Эдгээрт газар чөлөөлөлтөд зориулж төсөвт өртгийг нэмсэн.

Нийслэл, Засгийн газар, УИХ-аас газрын асуудлаар нээлттэй сонсгол хийх шийдвэр гарч, бэлтгэл ажил хийгдэж байгаа.

Төрөөс газар авчхаад хэсэгчилж, өөр компаниудад зарсан асуудал бий.

29 дүгээр сургууль болон Гандантэгчэнлин хийдийн 320 хүүхдийн суудалтай сургуулийн засварыг энэ онд дуусгана.

Зөвшилцөж авсан газар дээр шинээр барих сургууль, цэцэрлэгийн хувьд хоёр жилийн хугацаатай тул 2025 онд ашиглалтад орно.

Нийслэлийн төсвөөр метроны зөвлөх үйлчилгээг санхүүжүүлнэ. Тодорхой хэмжээний мөнгөн дүн тавигдаж, өргөн барьсан.

Метроны талаар П.Сайнзориг дарга Даваа гарагт дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

2023 оны төсвийн гүйцэтгэл хэмнэлттэй гарсан учраас метроны төслийг санхүүжүүлэхээр тусгасан юм.

Төсвийн тодотголд замын эргэлт, тойргоо сайжруулахын тулд  газар чөлөөлөх мөнгийг нэмсэн. Газар чөлөөлөлтийн тооцоо, судалгаа хийгдсэн.

Дүнжингаравын уулзварт гарсан дэлбэрэлтэд өртсөн байшин, барилгыг засварлах хөрөнгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар болсон. Галд өртсөн байшингийн гадна фасад, шугам сүлжээг засварлах хөрөнгийг тооцоолол хийн гаргаж байна. Энэ талаар УОК нарийвчилсан мэдээлэл өгөх байх.

2024 оны төсөвт үерийн даланг хүчитгэхэд 20 тэрбум орчим төгрөг тусгагдсан.

2023 оны төсвийн тодотголд НОК болон Геодези, усны барилга байгууламжийн газарт нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг авах 26 орчим тэрбум төгрөг төсөвлөөд тендер зарласан ч шаардлага хангахгүй компаниуд орж, бүтэлгүйтсэн.

Шар усны үерээс сэргийлж, төлөвлөгөө гаргах, хувийн байгууллагуудын машин, механизмыг төсөвлөсөн мөнгөөрөө авахаар болсон.

2024 оны төсөвт нийтийн тээврийн жолооч нарын цалинг нэмэх, машин цагийг өөрчлөх хөрөнгийг тусгасан. Авто баазыг шинэчилж, 600 шинэ автобустай болсон. 1,100 автобусны ихэнх нь шинэчлэгдсэн.

Метро, дүүжин тээвэр, тойрог замын төслийн хөрөнгийг 2024 оны нийслэлийн төсөвт тусгасан. Энэ жил метроны төслийг гүйцэтгэх компанийг шалгаруулж, газар шорооны ажлыг эхлүүлэх төсөөлөлтэй байна. Авто замын эргэлтүүдийг сайжруулахын тулд газар чөлөөлөлтөд зориулж, 50 тэрбум төгрөгийг тусгасан.

Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн дагуу авто зогсоол барих байршил, автомашины тоог 730,000-аар хязгаарлах, бүрэн бус машинуудыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх журмыг НИТХ-аар баталсан. Энэ хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор 20-30 тэрбум төгрөгийн төсөв тавигдсан.

Хөдөө, орон нутгаас Улаанбаатарт ирсэн машин ямар хэмжээний төлбөр төлөх, үзлэгт ороогүй машинуудыг хэрхэн шалгаж, хөдөлгөөнд оролцуулахгүй байх зохицуулалтыг хийнэ” хэмээн мэдээллээ.

Газар чөлөөлөлтийн явцын тухайд “Дүүрэг болон төслөөсөө хамаараад газар чөлөөлөлтийн явц янз бүр байна. Зарим нь 2019 оноос эхэлсэн төсөл бол зарим нь дөнгөж эхэлж байгаа ажил. Айл өрхүүдтэй үнэлгээн дээр тохирохгүйгээс удах асуудал байгаа” гэв.