Бичиг баримт, гэрээ, хэлэлцээрт засвар оруулсан эсэхийг шинжлэн тогтоох боломжтой болжээ

timelive.mn 2024-02-19

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Шүүх шинжилгээний ерөнхий газарт өнөөдөр ажиллаж, орчин үеийн дэвшилтэт шинжилгээний лабораториудын үйл ажиллагаатай танилцан, албан хаагчидтай уулзлаа.

Шүүх шинжилгээ нь  аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан ул мөр, эд мөрийн баримтад үзлэг, шинжилгээ хийж шинжлэх ухааны үндэслэлтэй, хараат бусаар дүгнэлт гаргаж, хэрэг маргааныг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг салбар юм.

ШШЕГ нь БНСУ-ын олон улсын стандартад нийцсэн, сүүлийн үеийн дэвшилтэд техник, технологи бүхий шинжилгээний лабораториудыг 2023 онд үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна.

Ингэснээр аливаа хэрэг маргааныг илүү нарийвчлалтай, шинжлэх ухааны үндсэн дээр цаг алдахгүй хянан шийдвэрлэх техник технологийн нөөц боломж нэмэгдэж байгаа юм. Өмнө нь манай Улсад хийгдэх боломжгүй байсан  ахуйн хэрэглээний хийн найрлага тодорхойлох, биологийн дээжээс этиль, метилийн спиртийг төрөл тус бүрээр нарийвчлан тогтоох зэрэг шинжилгээг хийх бүрэн боломжтой боллоо.

Тухайлбал, Бичиг баримтын шинжилгээний лабораторид иргэн, хуулийн этгээдтэй холбоотой бичиг баримт, иргэд хооронд байгуулсан маргаантай гэрээ, хэлэлцээрт засвар орсон эсэх, хуурамч мөнгөн тэмдэгтийн үйлдлийн аргыг нарийвчлан тогтоох шинжилгээг хийх нөхцөл бүрдэж шинжилгээний цар хүрээ нэмэгдсэн байна.

 

Эх сурвалж: ХЗДХЯ