Навальныйн үхлийн талаар Трамп анх удаа ам нээхдээ Путинийг буруутгасангүй

timelive.mn 2024-02-20

АНУ-ын ерөнхийлөгч асан, 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас дахин нэр дэвшихээр өрсөлдөж буй Дональд Трамп удтал чимээгүй  байсны эцэст Даваа гарагт Оросын сөрөг хүчний улстөрч Навальныйн үхлийн талаар анх удаа ам нээжээ.

Ингэхдээ тэр АНУ-ын бусад топ улстөрчдөөс ялгаатай нь Путинийг буруутгаагүй байна. Харин Америкийн өнөөдрийн улс төрийн амьдралыг Навальныйн үхэлтэй жишсэн ойлгомжгүй мэдэгдэл хийжээ.

“Алексей Навальныйн гэнэтийн үхэл манай улсад болж буй үйл явдлын талаар миний ойлголтыг улам тодорхой болгож байна. Муудаж ялзарсан, радикал зүүний улстөрчид, прокурорууд, шүүгчид биднийг аажим аажмаар сүйрлийн зам руу хөтөлж байна. Нээлттэй хил хязгаар, будилаантай сонгууль, шүүхийн шударга бус шийдвэрүүд Америкийг устгаж байна. Бид суларч буй, унаж буй улс үндэстэн болоод байна. MAGA 2024” гэж тэр сошиал хуудсандаа бичжээ. MAGA 2024 (Make America Great Again) бол түүний сонгуулийн уриа юм.

Баасан гарагт Нью-Йоркийн шүүх зээлдүүлэгчдийг хууран мэхлэхийн тулд өөрийн бизнесийн үнэлгээг хэтрүүлж мэдүүлсэн үндэслэлээр түүнд $355 саяын торгууль оноох шийдвэр гаргасан.

Одоо Трампыг өөр дөрвөн шүүх хурал хүлээж байгаа.

Баасан гарагт Навальный 47 насандаа шоронд нас барсны дараа АНУ-ын ерөнхийлөгч, Конгресс дахь хоёр намын тэргүүнүүд ОХУ-ын ерөнхийлөгч Путинийг энэхүү үхэлд буруутгасан мэдэгдэлд гаргасан юм.

Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшихээр Трамптай өрсөлдөж буй Ники Хэйли хүртэл Путинийг буруутгаж байв.

Харин Трамп өчигдрийг хүртэл ямар нэг байр суурь илэрхийлээгүй байсан юм.

2017-2021 онуудад АНУ-ын ерөнхийлөгчөөр ажиллахдаа Дональд Трамп хэд хэдэн удаа Путинийг хүндэтгэж явдгаа илэрхийлж байв. 2016 оны сонгуульд Оросын эрх баригчид нөлөөлсөн гэх өөрийнх нь засаг захиргааны тагнуулын байгууллагын дүгнэлт 2018 онд гарахад Трамп хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байсан.

Өнгөрсөн долоо хоногт тэр НАТО-гийн хамтарсан батлан хамгаалах зардалд хангалттай хувь нэмэр оруулахгүй байгаа гишүүн орнуудыг Оросын түрэмгийллээс хамгаалахгүй гэсэн мэдэгдэл хийгээд АНУ-ын улс төрийн хүрээнд ширүүн шүүмжлэлтэй тулгарсан юм.

Бүгд Найрамдах намын сонгуулийн сунгаанд Трампын гол өрсөлдөгч болоод буй Өмнөд Каролина мужийн захирагч асан Ники Хэйли “Дональд Трамп аллагынх нь төлөө Путинийг буруушааж болох байсан. Тэр Навальныйн эр зоригийг магтаж болох байсан” гэж өчигдөр сошиал хуудсандаа шүүмжлэн бичжээ.

2021 оны нэгдүгээр сарын 6-нд Трампын дэмжигчид Конгрессын ордонд халдсан үйл явдлыг мөрдөн шалгах хорооны дарга, Бүгд Найрамдах намын хууль тогтоогч асан Лиз Чени “Путиний Навальныйд хийсэн зүйл удирдагч нь хууль дүрэмд захирагддаггүй улс оронд юу тохиолдож болохыг харуулж байна” гэж Ням гарагт телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо ярьсан байна.

 

Эх сурвалж: Reuters