УЕПГ: “Дүнжингарав”-ын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас 228 иргэн, 15 ААН эд хөрөнгөөрөө хохирсон

timelive.mn 2024-02-20

Энэ оны нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замд гарсан галын хэрэгт ажлын хэсэг байгуулсан талаар өмнө нь мэдээлсэн.

Галын улмаас Онцгой байдлын гурван алба хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан дөрвөн иргэн нас барж, есөн хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна. Мөн 35 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд хохирол учирчээ.

Ажлын хэсгээс 200 орчим иргэн, аж ахуйн нэгжийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоон мэдүүлэг авч, галын шалтгаан нөхцөл, хохирлын хэмжээг тогтоохоор шаардлагатай мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Барилгын чанар, аюулгүй байдлын дүгнэлт, дээж, сорьц гарсны дараа БХБЯ-ны улсын байцаагчийн дүгнэлтүүд гарч, гуравдугаар сарын 15-нд нэгдсэн дүгнэлт, хохирлын тооцоо гарна хэмээн Хотын Стандарт, Хяналтын Газрын дарга С.Төмөрдулам өмнө нь танилцуулж байв.

 

Эх сурвалж: Улсын Ерөнхий Прокурорын Газар