Хамгийн залуудаа их мастерыг хожсон шатарчнаар Сингапурын найман настай хүү тодорлоо

timelive.mn 2024-02-21

Ням гарагт Швейцарт болсон Burgdorfer Stadthaus шатрын нээлттэй тэмцээний үеэр Сингапурын найман настай Ашват Каушик 37 настай Польшийн их мастер Ячек Стопатай гурван цаг тоглосны эцэст хожжээ.

Ингэснээр найман нас, зургаан сартай Каушик хамгийн залуудаа шатрын их мастерыг хожсон дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.

Хэдхэн хоногийн өмнө энэ амжилтыг Сербийн найман нас, 11 сартай Леонид Иванович шинэчлээд байсныг ийнхүү дахин эвджээ.

Иванович нь хоёрдугаар сарын 12-нд Белград хотод 59 настай Болгарын их мастер Милко Попчевыг хожиж, ес хүрээгүй насандаа ийм амжилт үзүүлсэн анхны тамирчин болсон юм.

Долоон жилийн өмнө гэр бүлийн хамт Энэтхэгээс Сингапурт ирж суурьшсан Каушик “Сонгодог шатрын төрөлд анхны их мастераа хожсон нь үнэхээр сэтгэл хөдөлгөм, гайхалтай мэдрэмж байлаа. Би өөрөөрөө их бахархаж байна” гэж хэвлэлд ярьжээ.

“Сүүлийн үед бага насандаа гайхалтай амжилт үзүүлж буй хүүхдүүд олширсон нь цар тахлын үеийн нягт хичээл зүтгэл, тэдний хөгжлийн хурдыг одоогийн үнэлгээний систем гүйцэхгүй болсонтой холбоотой байж болзошгүй” гэж судлаачид дүгнэсэн байна.

Иванович их мастертай тоглохдоо гурав хожиж, хоёр тэнцэж, нэг хожигдсон юм. Түүний дээд амжилтыг долоо хоног хүрэхгүй хугацааны дараа эвдсэн Каушик өрсөлдөгчөө эхний гурван өрөгтөө хожсон байна.

Каушик хүүг дөрвөн настай байхад эцэг эх нь анх шатар зааж байжээ. Хоёр сарын дараа тэр гэр бүлийнхээ бүх хүмүүсийг хождог болсон байна.

Одоо тэр долоо хоногийн ажлын өдөр бүр хоёр цаг, амралтын өдрүүдийн 6-7 цагийг шатар тоглож өнгөрөөдөг гэнэ.

Каушикийн ээж, 37 настай Рохини Рамачандран “Бид бүгд үнэхээр их баярласан. Гэхдээ хүү маань дараагийн тоглолтдоо түргэн анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай байсан тул баяраа тэмдэглэх цаг зав байгаагүй. Бид бүгд гэртээ харьсны дараа амжилтаа тэмдэглэх нь гарцаагүй” гэж Сингапурын хэвлэлд ярьжээ.

 

Эх сурвалж: The Guardian