Шри-Ланка улс Иранаас авсан газрын тосны $20 саяын төлбөрөө цайгаар барагдуулжээ

timelive.mn 2024-02-22

Гадаад валютын хомсдолд орсон Шри-Ланка улсын засгийн газар Иранаас авсан газрын тосны өр төлбөрийнхөө зарим хэсгийг цайгаар төлж барагдуулсныг өчигдөр зарлажээ.

Тус улс нийтдээ $251 саяыг Иранд төлөх өртэй байгаа бол үүний $20 саяыг нь цайгаар төлж барагдуулсан байна.

Шри-Ланкад айлчилсан Ираны гадаад хэргийн сайд энэ наймаандаа сэтгэл хангалуун байгааг илэрхийлсэн тухай дээрх мэдэгдэлд өгүүлжээ.

“Бартер солилцооны нөхцөлөөр бид одоогоор $20 саяын үнэ бүхий цайг Иранд экспортлоод байна” гэж Шри-Ланкын ерөнхий сайд Динеш Гунаварденагийн хэвлэлийн албанаас Ираны гадаад хэргийн сайд Хоссейн Амир-Абдиллахянтай уулзсаных нь дараа мэдээлсэн байна.

Газрын тосыг цайгаар солилцох тохиролцоонд хоёр улс 2021 оны арванхоёрдугаар сард хүрч байжээ. Гэвч үүний дараа Шри-Ланкад үүссэн эдийн засаг, улс төрийн хямралын улмаас цайны экспорт хэрэгжиж чадаагүй юм.

Энэхүү хямралын үр дүнд 2022 оны долдугаар сард Шри-Ланкын ерөнхийлөгч Готабаяа Ражапакса огцорч байв.

Өрнөдийн эдийн засгийн хоригт орсон Ираны эрх баригчдад бартерын энэ гэрээ нь уух дуртай цайгаа авахын тулд гадаад валютын нөөцөө дундлахгүй байх боломж олгож байгаа гэнэ.

Эдийн засгийн хүндрэлтэй Шри-Ланка улсад ч энэ гэрээ бас ашигтай юм.

Шри-Ланка улс 2022 оны дөрөвдүгээр сард $46 тэрбумын гадаад өрийнхөө ээлжит төлбөрийг гүйцэтгэж чадаагүйн улмаас “дефолт” зарлаж байв.

Улмаар өнгөрсөн оны эхээр Олон Улсын Валютын Сангаас $2.9 тэрбумын тусламж авахаар болсон байна.

Шри-Ланкын колоничлолын үеийн нэрээр нэрлэгдсэн Цейлон цай 2016 онд Ираны нийт цайны хэрэгцээний бараг тал хэсгийг хангаж байжээ.

Тэр үеэс хойш Цейлон цайны Ираны зах зээлд эзлэх хувь буурсаар иржээ.

 

Эх сурвалж: AFP