Цагдаагийн байгууллагаас сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээгээр нийтлэгдээд буй нэгэн гэмт хэргийн талаар өнөөдөр албан ёсоор дараах мэдээллийг өглөө.
Тодруулбал ХУД-ийн 13-р хороо ..дугаар гудамжны ..дугаар тоотод оршин суух иргэн “Б” гэх 47 настай эрэгтэйтэйтэй хамт амьдарч байсан иргэн “Ц” нь 2024 оны нэгдүгээр сарын 18-ны өдрөөс хойш сураггүй алга болсон байна. Өөрийн ойр дотнын болон гэр бүлийн хүмүүстэйгээ холбоо барих боломжгүй боллоо гэсэн гомдол мэдээллийг 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Үүнээс хойш цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар дээрх тоотод оршин суух “Б”-н гэр болон тээврийн хэрэгслээс Нэгдсэн Үндэсний Байгууллагын мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенцын жагсаалтад багтдаг “Амфетамин”, “Метамфетамин” гэх сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодис илэрсэн байж болзошгүй байгаа аж.
Иймд иргэн “Ц”-тэй хамтран амьдарч байсан сэжигтэн “Б”-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.2-т зааснаар 2024 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж цагдан хорих арга хэмжээг авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна.
Мөн “Б” гэгч нь олон тооны нохой тэжээдэг байсан нөхцөл байдалд тогтоогджээ.
Энэ хэрэгтэй холбогдуулан Цагдаагийн Ерөнхий Газрын тэргүүн дэд даргын тушаалаар Мөрдөн байцаах алба, Эрүүгийн цагдаагийн алба, Хан-Уул дүүргийн цагдаагийн газар, Хар тамхитай тэмцэх газар зэрэг нэгжээс бүрдсэн ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм байна.
“Иргэдийг сэртхийлгэсэн мэдээллүүдийг батлах боломжгүй, таамаг бүхий мэдээ, мэдээллийг мэдээлэхгүй байхыг зөвлөе”
Цахим орчинд энэ хэргийн талаар “мансуурсан этгээд найз охиноо хөнөөж, нохойд хаяж өгчээ”, “нохойгоо хооллосон” гэх мэт иргэдийг сэртхийлгэсэн мэдээллүүд нийтлэгдэж байгааг одоогоор батлах боломжгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй, шуурхай явагдаж байгаа гэдгийг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг мэдээллээ.
Үргэлжлүүлэн тэрбээр дараах асуудлыг сануулав.
Хэвлэл мэдээллийн ёс зүйн дүрэмд:
- Аливаа мэдээллийг зохисгүй хэлбэрээр дуулиантайгаар түгээхээс татгалзах,
- шүүх буруутайг нь нотлоогүй бол хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй байх,
- осол гамшиг, гэмт хэргийн талаар мэдээлэхдээ түүний ойр дотнын болон хүүхэд, өсвөр үеийнхэнд хэрхэн нөлөөлж байгааг харгалзах,
- мэдрэмжтэй хандах, мэдээлэл нь үнэнд нийцтэй эсэхийг баталгаажуулах,
- эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягтална гэх зэргээр заасан байдаг.
Иймд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй мөрдөн шалгах ажиллагааны хэргийн талаар албаны эх сурвалжгүй таамаг бүхий мэдээ, мэдээллийг мэдээлэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас олон нийтийн цахим сүлжээ хэрэглэгч нарт зөвлөв.
0 cэтгэгдэлтэй