Афины олимпын мөнгөн медальт, мэргэжлийн боксын гурван холбооны аваргын бүсийг эзэмшиж явсан Казахстаны нэрт боксчин Геннадий Головкин улсынхаа олимпын хорооны тэргүүн боллоо.
Мэргэжлийн боксод 45 тулаан хийж 42-т нь ялсан Г.Головкин хамгийн сүүлд 2022 онд Мексикийн Канело Алварестай тулалдаад ялагдсан билээ. Үүнээс хойш дэвжээн дээр гараагүй ч их спортоо орхисон гэж албан ёсоор зарлаагүй.
Гэхдээ Казахстаны Үндэсний Олимпын Хороог удирдах болсноор тамирчны замналаа өндөрлөж байна гэж шинжээчид үзэх болжээ.
Энэ талаар тулааны спортын нэрт сэтгүүлч Майкл Бенсон “Ирэх дөрөвдүгээр сард 42 нас хүрэх Г.Головкин их спортоо албан ёсоор орхиогүй ч шинэ албанд томилогдлоо. Ингэснээр түүнийг дахин боксын рингэн дээр харна гэдэг бүтэшгүй зүйл болж байна” гэж Х платформд жиргэсэн юм.
Харин даргын суудалд заларсныхаа дараа Г.Головкин өөрийн инстаграм хуудсандаа “Намайг дэмжсэн хүн бүрд талархаж байна. Олимпын хөдөлгөөнийг эрчимтэй хөгжүүлэхийн төлөө тууштай зүтгэнэ” гэж бичжээ.
Казахстаны олимпын хороог 2015 оноос хойш тус улсын өмнөх төрийн тэргүүн Нурсултан Назарбаевын хүргэн Тимур Кулибаев удирдсан билээ.
Эх сурвалж: Essentially Sports
0 cэтгэгдэлтэй