“The MongolZ” баг CS2 тоглоомын анхны ДАШТ-д шалгарч, өөрсдийн “sticker”-ээ гаргуулахаар болов.

timelive.mn 2024-02-28

“PGL Major Copenhagen 2024” буюу CS тоглоомын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий Ази тивийн урьдчилсан шат БНХАУ-ын Шанхай хотын Perfect World Esports Center-д сүүлийн өдрөө болж байна.

Тус тэмцээнд манай улсаас “The MongolZ”, “ATOX Esports” багууд оролцож байгаа. Нийт 1.2 сая ам.долларын шагналын сантай “PGL Major Copenhagen 2024” тэмцээн нь Дани улсад ирэх сарын 17-31-нд зохион байгуулагдах бөгөөд Ази тивээс хоёр баг оролцох эртэй.

Дэлхийн чансааны 21 дүгээр байрт эрэмбэлэгдэж буй “The MongolZ” Ази тивийн урьдчилсан шатанд хоёр дараалан хожиж ДАШТ-ий эрхийн төлөө Хятадын “Lynn Vision” багтай өнөөдөр тоглолоо.

Тэд өөрсдийн сонгосон “Ancient map” дээр Хятадын багийг 13:8 онооны харьцаатай хожсон. Тус тоглолтод манай тамирчид “Terrorist” талаасаа оноо дутуу эхлүүлсэн ч 6:6 оноогоор байраа сольсон. Үргэлжлүүлэн “Counter terrorist” талаасаа сайн хамгаалж чадсанаар ялалт байгуулав.

Тэгвэл эсрэг багийн сонгосон “Nuke map” дээр хамгаалах талаасаа 9:3 онооны харьцаатайгаар байраа сольсон. Улмаар Terrorist талаасаа дөрөв дараалж ялалт байгууллаа.

Ингэснээр “The MongolZ” баг “PGL Major Copenhagen 2024” тэмцээнд шалгарч, 910, mzinho, Senzu нар анх удаа, bLitz, Techno4K нар дөрөв дэх “sticker”-ээ гаргуулахаар болж байна.

“ATOX Esports”-ийн хувьд эхний тоглолтдоо хожигдож доод шат руу унасан. Улмаар тус шатанд “Myth Avenue Gaming”, “TYLOO” багийг хожиж дахин нэг боломжийн төлөө өнөөдөр 13:00 цагаас “Grayhound”-тай дахин тоглох юм.

Хэрэв тэд өрсөлдөгчөө хожвол “Lynn Vision” багтай ДАШТ-д Ази тивийг төлөөлж оролцох сүүлийн эрхийн төлөө “ВО3” тоглолтыг 16:00 цагаас эхлүүлнэ.