Т.Баярхүү: Малчин айл өрхөд дэмжлэг үзүүлэх, орчны цасыг цэвэрлэх зорилгоор цэргийн албан хаагчдыг томилон явуулсан

timelive.mn 2024-02-29

Улсын Онцгой Комисс (УОК)-ын Шуурхай штабаас өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийж байна.

Энэ үеэр зудын нөхцөл байдлын үнэлгээний талаар УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү дараах мэдээллийг өгсөн юм.

Тэрбээр хэлэхдээ “Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас зудын нөхцөл байдалд үнэлгээ хийдэг. Энэ үнэлгээ хоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаар гарсан бөгөөд одоогоор өөрчлөлт байхгүй.

Тус үнэлгээ гуравдугаар сарын эхээр дахин хийгдэж, нөхцөл байдлыг шинээр танилцуулна.

Одоогийн байдлаар

  • 13 аймгийн 58 суманд төмөр зуд
  • 17 аймгийн 139 суманд цагаан зуд
  • 18 аймгийн 69 суманд цагаанаар зудархуу нөхцөл байдалтай байна.

Нийт 21 аймгийн 266 сум, нийслэлийн хоёр дүүрэгт хаваржилт хүндэрсэн мэдээлэлтэй байгаа.

Малын хорогдлын мэдээлэл хоёрдугаар сарын 26-ны өдрөөс хойш шинэчлэгдээгүй. Тодруулбал 2,136,000 толгой мал байна. Малын хорогдлын мэдээллийг долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт нэгтгэж олон нийтэд танилцуулж байгаа.

Улсын хэмжээнд оны эхэнд тоологдсон мал сүргийн 3.1 хувьд хүрсэн дүн мэдээлэлтэй байгаа.

УОК-ын шуурхай штабаас үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Монгол Улсын 21 аймгаас өвөлжилт хүндэрсэн, хүн бүл цөөтэй, өвөлжөө, хаваржаа нь цасанд дарагдсан айл өрхүүдийн судалгааг гаргасан.

11 аймгийн 46 суманд гурваас доош ам бүлтэй 1,408 малчин өрхөд хүндрэл үүссэн гэх мэдээллийг ирүүлсэн.Үүний дагуу эдгээр айл өрхөд хүн хүчний дэмжлэг үзүүлэх, тухайл айл өрх орчмын орчны цасыг цэвэрлэх зорилготой албан хаагчдыг томилон явуулсан.

Зэвсэгт хүчний 214 цэргийн албан хаагч, 21 нэгж техниктэйгээр Сүхбаатар, Дорнод, Төв аймгийн чиглэлд хөдөлгөөн үйлдсэн. Эхний бүлгүүд очих газраа очсон. Өнөөдрийн байдлаар таван сумын 11 өрхөд үүрэг гүйцэтгэж эхэлсэн байна.

Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн 12 аймгийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах улсын албад орон нутгийн мэргэжлийн ангиас 2024 оны хоёрдугаар сарын 19-нөөс эхлэн зам гаргах, өвс тэжээл хүргэх ажлыг зохион байгуулж байгаа” гэлээ.

Үргэлжлүүлэн “Өчигдрийн байдлаар нийт 4,416 малчин өрхийн 1,817 малчин өрхийг түлээ түлшээр хангаж, 2,541 малчин өрхийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, 1,223 хоол хүнсний тасалдал үүссэн малчин өрхөд хүнс тэжээл хүргэх ажлыг зохион байгуулсан.

Төрийн цэргийн байгууллагуудаас 326 албан хаагч, орон нутгийн Онцгой комиссоос 286 албан хаагчтай үүрэг гүйцэтгэсэн” гэв.