Б.Билгүүн: Монголын гурил үйлдвэрлэгчид үгсэн хуйвалдаж, төрийн бус байгууллагаараа дамжин үнээ тохирдог

timelive.mn 2024-02-29

Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар (ШӨХТГ)-аас гурилын үнийн асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Энэ үеэр гурил үйлдвэрлэгч байгууллагуудад хийсэн шалгалт болон илэрсэн зөрчлийн талаар ШӨХТГ-ын дарга Б.Билгүүн “Иргэд гурилын үнэ өсөж байгаа талаар гомдол ирүүлсэн.

2022 онд гурилын салбарт үнийн өсөлт ажиглагдсан учраас үйлдвэрлэгч томоохон найман ААН дээр үнийн судалгаа хийсэн. Энэ үед нэг жилийн хугацаа гурилын үнийг 4-12 удаа нэмсэн тохиолдол байна.

2022 оны 1-11 дүгээр сард нэгдүгээр гурил 53.1 хувь, дээд гурил 62.8, хоёрдугаар гурил 40.9 хувиар үнэ нь өссөн байсан. Гурил үйлдвэрлэгч гол ААН-үүдэд үнийн судалгаа хийхэд:

  • “Улаанбаатар гурил” компани дээд гурилын үнийг 47 хувиар, нэгдүгээр гурилын үнийг 41 хувиар өсгөсөн,
  • “Од групп” дээд гурилын үнийг 95.5 хувиар, нэгдүгээр гурилын үнийг 70 хувиар өсгөсөн,
  • “Алтан тариа” компани дээд гурилын үнийг 64 хувиар, нэгдүгээр гурилын үнийг 55.6 хувиар өсгөсөн судалгаа гарсан.

Улаанбуудайн үнэ гурилын үнийн 87.5 хувийг эзэлдэг. Улаанбуудайн үнэ хэвээрээ байхад гурилын үнэ огцом өссөн нь үндэслэлгүй гэсэн дүгнэлтийг ШӨХТГ-аас гаргаж, хэрэг үүсгээд шүүх дээр явж байгаа.

“Монгол гурил үйлдвэрлэгчдийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн холбоо” гэх Төрийн Бус Байгууллага (ТББ) байдаг. Энэ холбоонд гурил үйлдвэрлэгчид гишүүнчлэлтэй. Тус холбоо дээрээ үгсэн хуйвалдаж гурилын үнийг зэрэг нэмээд явдаг нөхцөл байдал ажиглагдсан. Үүнд хэрэг үүсгээд шүүхийн шатанд явж байгаа.

2023 оны нэгдүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл үнийн судалгаа хийхэд гурилын үнэ тогтмол өссөөр байна. Жишээлбэл:

  • Дээдийн дээд гурилын үнийг таван удаа нэмсэн бөгөөд 1 кг-д 635 төгрөг,
  • Дээд гурил дээр есөн удаа үнэ нэмж, 1 кг-д 405 төгрөг,
  • Нэгдүгээр гурил дээр есөн удаагийн үнэ нэмэлтээр 1 кг-д 267 төгрөг,
  • Хоёрдугаар гурил дээр найман удаагийн үнэ нэмэлтээр 1 кг-д 154 төгрөг тус тус нэмжээ.

Монголын гурил үйлдвэрлэгчид үгсэн хуйвалдаж төрийн бус байгууллагаараа дамжин үнэ тохирдог гэсэн дүгнэлтэд хүрсэн. Үүнд манай байгууллагаас холбогдох арга хэмжээг авч ажиллана.

Гурил үйлдвэрлэгч нартаа шударга өрсөлдөөний хууль тогтоомжийг биелүүлэх, хэрэглэгчийн эрх ашгаа хүндэтгэн дээдлээрэй гэж уриалж байна. Өвөлжилт хүндэрсэн байгаа үед ард түмний нуруун дээр үнийн дарамт үүсгэж байгаа нь буруу.

Монгол Улсад гурилын импорт хязгаарлалттай байдаг. Тэгэхээр гурилын импортын асуудал яригдах ёстой. Учир нь гурил үйлдвэрлэж буй компаниуд үгсэн хуйвалдаж үнээ зохиож байгаа бол өрсөлдөөнийг бий болгох хэрэгтэй.

“Монгол гурил үйлдвэрлэгчдийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн холбоо” ТББ-д “Алтан тариа” компаниас бусад гурил үйлдвэрлэгчид байдаг.

Түүнчлэн “Улаанбаатар гурил” компанид 5.9 тэрбум төгрөгийн, “Од групп” компанид 1.4 тэрбум төгрөгийн торгууль тавьсан. Бусад үйлдвэрлэгч зах зээлд нөлөөлөхүйц оролцоо харагдаагүй” хэмээн ярив.