Малчдаас хонийг 40 мянган төгрөгөөр худалдан авч мөн зарим малыг нь зээлээр авч байна хэмээх асуудал яригдаж буй.
Энэ нь үнэн эсэх талаар Улсын Онцгой Комиссоос мэдээлэл хийх үеэр өнөөдөр ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэгээс сэтгүүлчид тодрууллаа.
Тэрбээр хариулахдаа “Хөдөө аж ахуйн бирж үндсэндээ зохицуулах үйлчилгээтэй оролцож яваа. Үнийн хувьд худалдан авагч аж ахуйн нэгжүүд болон малчид хоорондоо тохиролцсоны үндсэнд гаргаж байгаа.
Тохиролцохдоо хэд хэдэн зүйлийг харгалзана. Өөрөөр хэлбэл тухайн газраас үйлдвэр хүртэлх зам, цас зудын нөхцөл байдал, малын хоргодлын тооцооллыг ААН-үүд гаргаж байна.
Мөн булангийн орнуудад экспорт хийж байгаа малын амьдын дундаж жин 13 орчим килограмм багаа. Тэгэхээр намрын болон одоогийн хонины хооронд зөрүү гарч байгаа учраас гологдож байна гэсэн үг.
Яг одоо газар дээрээс нь очиж авахдаа хонийг 50-65 мянган төгрөгөөр тооцож авна гэж нэгдсэнээр мэдээлсэн. Харин одоо ажиллаж байгаа аймгуудад үйлдвэрлэгч болон малчин хоорондоо тохироод 40, 45 мянган төгрөгөөр авсан цөөн тохиолдол гарсан.
Үүнд ХХААХҮЯ болон Хөдөө аж ахуйн бирж зохицуулах байдлаар оролцож байна. Үнийн хувьд хоёр тал хоорондоо тохиролцох байдлаар явна” гэлээ.
0 cэтгэгдэлтэй