Өнгөрсөн Ням гарагт засгийн газраа унагах зорилготой гэмт хэргийн зэвсэгт бүлэглэлүүд Хайти улсын нийслэл Порт-О-Прэнс хотын гол шоронг эзэлж, 4,000 орчим хоригдлыг оргуулсан билээ.
Үүний дараа тус улсын засгийн газар 72 цагийн онц байдал зарлаж, шөнийн цагаар хөл хорио тогтоосон юм.
Ийнхүү нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан аюулгүй байдалдаа санаа зовсон Хайти улсын хөршүүд хамгаалалтаа чангатгаж эхэлжээ.
Карибын тэнгисийн Испаниола арлыг Хайтитай хувааж оршдог Бүгд Найрамдах Доминикан Улсын батлан хамгаалахын сайд өчигдөр хилийн хамгаалалтаа биечлэн шалгаж, торон хашаа босгох ажлын явцтай танилцсан байна.
Өнгөрсөн онд тус улс олон арван мянган дүрвэгчийг Хайти руу албадан буцаасан юм.
АНУ-ын төрийн департамент Хайтид байгаа иргэдээ яаралтай тус улсаас гарч явахыг анхааруулжээ.
Бахамын арлууд Хайти дахь дипломат ажилтнуудаа татаж, зөвхөн элчин сайдын хэргийг түр хамаарагчаа аюулгүй байдлын хоёр атташетай хамт үлдээсэн байна.
Мексик улсын засгийн газар онц шаардлагагүй бол Хайтид зорчихгүй байхыг иргэддээ анхааруулж, Хайтид байгаа иргэддээ ус, түлш шатахуун, удаан хадгалагддаг хүнс нөөцлөхийг зөвлөжээ.
Өнгөрсөн долоо хоногийн зөвхөн гурван өдөр нийслэл Порт-О-Прэнсийн 15,000 гаруй оршин суугч орон гэрээсээ дүрвэснийг Олон Улсын Дүрвэгсдийн Байгууллага мэдээлж байна.
Хайтийн нийслэл дэх аллага, хүчирхийлэл, дээрмийн улмаас орон гэрээ орхисон хүмүүсийн нийт тоо 300,000 орчим хүрснийг НҮБ энэ оны эхээр мэдээлж байжээ.
Өнгөрсөн оны аравдугаар сард НҮБ цагдаагийн олон улсын хүчийг Хайтид илгээж, дэг журам сахиулах төлөвлөгөөг баталсан юм.
Одоогоор Зүүн Африкийн Кени улс 1,000, Төв Америкийн Бенин улс 1,500 албан хаагч Хайтид илгээхээ мэдэгдээд байна.
Эдгээрээс гадна Бахамын арлууд, Бангладеш, Барбадос, Чад улсууд дэг журам сахиулах ажиллагаанд оролцох сонирхлоо илэрхийлжээ.
Олон улсын цагдаагийн хүчийг хэзээ Хайтид илгээх товыг НҮБ зарлаагүй байна.
Одоогоор тус улсын гэмт хэргийн бүлэглэлүүд нийслэл Порт-О-Прэнс хотын 80 хувийг хяналтдаа аваад байгаа.
Өнгөрсөн долоо хоногт Хайтийн ерөнхий сайд Ариэл Анри цагдаагийн хүч илгээх асуудлыг хэлэлцэхээр Кени улсад айлчилсан юм. Одоо тэр хаана байгаа нь тодорхойгүй байна.
Хайтийн зэвсэгт бүлэглэлүүд ерөнхий сайдыг буцаж ирэхэд саад учруулах зорилгоор нийслэлийн олон улсын нисэх буудал руу довтолж, ширүүн буудалцаан болж буй тухай мэдээ ирж байна.
Эх сурвалж: Reuters
0 cэтгэгдэлтэй