Тэмцэгчид Мексикийн ерөнхийлөгчийн ордны хаалгыг автомашинаар мөргөн цөмлөжээ

timelive.mn 2024-03-7

2014 онд сураггүй алга болсон 43 оюутны хэргийг ирүүлэхийг шаардсан хэсэг тэмцэгчид өчигдөр Мексик улсын ерөнхийлөгчийн ордны хаалгыг автомашинаар мөргөжээ.

Энэ үед ерөнхийлөгч Андрес Мануэл Лопез Обрадор ордон дотроо өдөр тутмын ээлжит хэвлэлийн хурлаа зохион байгуулж байсан юм.

Цагдаа нар тэмцэгчдийг ордонд нэвтрэхээс сэргийлэхдээ нулимс асгаруулагч хий ашиглажээ.

Сүүлд ерөнхийлөгчийн ордны гадаа 100 гаруй тэмцэгч суултаа үргэлжлүүлсэн байна. Ордны хаалгыг эвдэхэд оролцсон зарим хүмүүсийг цагдаа нар баривчилсан тухай Мексикийн хэвлэлүүд мэдээлжээ.

Хэвлэлийн хурлын үеэр ерөнхийлөгч Обрадор сураггүй алга болсон оюутнуудын хэргийг илрүүлэхэд засгийн газар нь анхаарал тавин ажиллаж байгааг хэлсэн юм.

“Хаалгыг засаж болно. Асуудалгүй. Гэхдээ тэдний гол зорилго өдөөн хатгалга байсан гэж би бодож байна” гэж тэр ярьжээ.

Өөрөөр хэлбэл тэмцэгчид үндсэн зорилгоосоо хазайж, засгийн газрын эсрэг хүчнүүдэд ашиглагдаж байгааг тэр шүүмжилсэн байна.

Орон нутгийн багшийн коллежийн 43 эрэгтэй оюутан 2014 оны есдүгээр сарын 26-нд нийслэл Мехико хот руу автобусаар зорчиж байгаад замдаа ор сураггүй алга болсон нь тус улсын түүхэнд гарсан хамгийн том гэмт хэргүүдийн нэг юм.

Тэд 1968 оны Тлателолкогийн хядлага хэмээх эмгэнэлт үйл явдлын дурсгалын арга хэмжээнд оролцохоор явж байжээ.

Цагдаа нар оюутнуудыг арга хэмжээнд оролцуулахгүйн тулд замд нь зогсоосон гэдэг. Түүнээс хойш юу болсон талаар ямар ч мэдээлэл байдаггүй. Оюутнуудыг цагдаа нар орон нутгийн гэмт хэргийн бүлэглэлд шилжүүлж өгсний улмаас бүгд алагдсан байж болзошгүй гэх таамаг яригддаг.

Сураггүй алга болсон оюутнуудын ар гэрийнхнийг төлөөлдөг өмгөөлөгч Мигэул Агустин зарим тэмцэгчид хэрээс хэтэрсэн үйлдэл гаргасныг хүлээн зөвшөөрчээ.

Тэрбээр бусдын өдөөн хатгалгад автсан гэх ерөнхийлөгчийн мэдэгдлийг няцаагаад тэмцэгчид болон ерөнхийлөгчийн хооронд зохих ёсны яриа хэлэлцээ сүүлийн үед үгүйлэгдэх болсноос ийм үйлдэл гарсан гэж мэдэгдсэн байна.

“Бид харилцан хүндэтгэлтэй яриа хэлэлцээг сэргээхийг уриалж байна” гэж Агустин сошиал хуудсандаа бичжээ.

 

Эх сурвалж: Reuters