“Аймгийн төвд ажилладаг төрийн захиргааны ажилтнуудын таван жилийн урамшуулал энэ оны төсөвт суугаагүй”

timelive.mn 2024-03-7

Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ аймаг, нийслэлийн Засаг дарга нарын хамт өчигдөр Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбооны төлөөлөлтэй уулзлаа. 

Энэ үеэр Үйлдвэрчний Эвлэл(ҮЭ)-ийнхний илэрхийлсэн байр суурийг хүргэе.

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Бид өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийг шинэ шатанд гаргая гэж ярилцсан. Энэ хүрээнд гурван талт хэлэлцээрийнхээ саналыг холбогдох газруудад хүргүүлсэн.

Зарим асуудлыг хуулиар шийдвэрлүүлэх шаардлага байсан. Хамгийн түрүүнд, цалин, тэтгэвэр тэтгэмжийг түүхэндээ хамгийн өндөр хувиар нэмэгдүүлсэн. Мөн олон жил ярьсан бүсийн нэмэгдлийг олгож байна. Энэ нүдээ олсон шийдвэр. Үйлдвэрчний эвлэл бүсчилсэн хөгжлийг дэмжиж байгаа ч оролцооны асуудал байна.

З.Цогтгэрэл: Шинжлэх ухааны салбарын оюуны үнэлэмж маш доогуур байна

Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэл: Шинжлэх ухааны салбарын тухай хуулийг батлуулах шаардлагатай байна. Энэ салбарт ажлын ачаалал, оюуны үнэлэмж маш доогуур байдаг. Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлс доогуур, үүнд дорвитой арга хэмжээ авахыг хүсэж байна.

Эрчим хүч, геологи, уул уурхайн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Д.Долгор: Манай салбарын цалинг өнгөрсөн нэгдүгээр сард нэмэхээр тусгасан. Гэхдээ одоогоор ялгаатай байдал хэвээр байна. Уул уурхайн салбар нийт экспортын 93 хувийг бүрдүүлдэг хэр нь хөдөлмөрийн мөлжлөгт өртөж байна. Илүү цагийн хөлсөө жигд авдаггүй.

Тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-ийн холбооны дарга М.Болдсайхан: Төр ялгавартай шийдвэр гаргаж байна. Тухайлбал орон сууцны ипотекийн зээлийн хүү харилцан адилгүй байгаа. Залуус ялгавартай шийдвэрийг арилгаж өгөхийг хүсэж байна.

Монголын хөнгөн үйлдвэрийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Э.Тамир: Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй 1.3 сая хүн байгаагийн 80 хувь нь хувийн хэвшилд ажиллаж байна. Засгийн газар ногоон санхүүжилтийг дэмжихдээ хамтын гэрээ хэлэлцээртэй байгууллагуудыг түлхүү дэмжвэл зүгээр байна. Хөрөнгө оруулалт хийж буй компани руу бодлогоо чиглүүлэх нь чухал.

Баянхонгор аймгийн ҮЭХ-ны дарга н.Гүрсэд: Хөдөлмөр нийгмийн түншлэлийг орон даяар шинээр авч үзэх хэрэгтэй байна.

Нэгдүгээрт аймаг, сумын хөдөлмөр, нийгмийн гурван талт хэлэлцээрийг төрийн бодлогын баримт бичиг болгох чухал. Аймаг, сумын төрийн албан хаагчдын цалинг нэмсэнд талархаж байгаа ч цалин, хөлсний ялгаатай байдал хэвээр байна. Аймгийн төвд ажиллаж буй төрийн захиргааны ажилтнуудын таван жилийн урамшуулал энэ оны төсөвт суугаагүй байх жишээтэй.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ, аймаг, нийслэлийн удирдлагуудын хамт Үйлдвэрчний эвлэлүүдийн үгийг сонсож, ярилцаж байна гэдэг нэгдсэн ойлголтод хүрэхэд ойрхон байна гэсэн үг. Асуудлаа хэлэлцээд үе шаттай шийдээд явах нь чухал.

Өнөөдөр яригдсан асуудлуудыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, МҮЭХ-той хамтраад тавдугаар сарын 1-н хүртэл дүгнэе. Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны эрх зүйн орчныг шинэчлэхийг Засгийн газар дэмжинэ” гээд Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, МҮЭХ саналаа нэгтгээд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг үүрэг болгов.

Мөн хамтын хэлэлцээр байгуулаагүй Сэлэнгэ, Говьсүмбэр, Өмнөговь, Архангай аймаг тавдугаар сарын 1-ний дотор хэлэлцээрээ шинэчлэхийг аймгийн Засаг дарга нарт даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газраас мэдээллээ.