- Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн хүрээнд нийлүүлэх 16 зүтгүүрийн эхний ээлжийн хоёр зүтгүүр АНУ-аас Замын-Үүд боомтод ирсэн болохыг ЗТХЯ-наас мэдээллээ.
Тодруулбал эдгээр зүтгүүр нь АНУ-ын Индиана муж, Мунсие хотын “Progress Rail A Caterpillar” компанийн зүтгүүрийн үйлдвэрээс төмөр замаар 1,600 км, Зүүн эрэг Атлантын далай 11,700 км, Тяньжин боомтоор авто замаар 920 км, нийт 83 хоног 14,220 км замаар тээвэрлэгдэн Замын-Үүд боомтод хоёрдугаар сарын 29-нд ирсэн байна.
ЗТХЯ-ны ажлын хэсэг болон холбогдох инженер, техникийн баг Замын-Үүд боомтод ажиллаж, зүтгүүрийн төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах, хүлээн авахаар ажиллаж байгаа аж.
Уг зүтгүүрүүд нь Монгол орны говийн байгаль цаг агаарын ашиглалтын нөхцөлд найдвартай ажиллах чадвартай, дэлхийн 70 гаруй улсад 90 жилийн туршид ашиглагдсан, хамгийн орчин үеийн инновацын технологийн шийдэлтэй бөгөөд MNS 6039 – 2020 стандартын шаардлагыг хангажээ.
Техникийн үзүүлэлтүүд:
- Хүнд даацын төмөр зам дээр туршигдсан, дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгддэг
- 4,500 морины хүч буюу 3,355 кВт чадалтай
- 710 серийн хоёр тактын дизель хөдөлгүүртэй
- Хувьсахаас хувьсах гүйдлийн АС-DC-АС цахилгаан дамжуулгын системтэй
- Олон улсын хүрээлэн буй орчны TIER2 стандартын шаардлагыг хангасан илчит тэрэгний хөгжлийн гуравдугаар үеийн үзүүлэлттэй байна.
0 cэтгэгдэлтэй