Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Игавахара Масарү болон Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар нар Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс -Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төслийн гэрээнд энэ сарын 15-нд гарын үсэг зурав.
Ингэснээр Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг суманд 203,099 ам.долларын санхүүжилтээр гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төвийн барилгыг барих юм. Одоо үйлчилгээ үзүүлж буй төв нь зай талбайн багтаамж хүрэлцээгүйн улмаас үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл учирдаг. Шинэ төвийн барилга ашиглалтад орсноор гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэд хувийн нууцыг чандлан хамгаалсан, аюулгүй орчинд тусламж, үйлчилгээ авах боломж бүрдэнэ гэж найдаж байна хэмээн Монгол дахь Япон улсын ЭСЯ-наас мэдээлэв.
Япон улсын Засгийн газар 1990 оноос өнөөдрийг хүртэл 34 жилийн турш “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлж, 603 дахь төслөө Говь-Алтай аймгийн төвд эхлүүлэх гэж байгаа аж.
0 cэтгэгдэлтэй