Дэлхийн иргэний боловсрол болон уур амьсгалын өөрчлөлт зэрэг сэдвээр сургалтын гарын авлага боловсруулж, сурагчдын боловсролд хувь нэмэр оруулав. Монгол улсын Улаанбаатар хотод томилогдон ажилласан Сөүл хотын залуучуудын сайн дурын 1-р ээлжийн баг 2024 оны 3-р сарын 13-ны өдөр Холидэй Инн зочид буудалд ажлаа тайлагнаж, сайн дурын хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан гарын авлага, сургалтын материалыг холбогдох байгууллагуудад гардуулав.
Ингэснээр цаашид Сөүл хотын залуучууд ийм төрлийн олон улсын хамтын ажиллагааны төсөлд оролцох үүд хаалгыг тус сайн дурын баг нээж өгөөд зогсохгүй сайн дурын ажлаар дамжуулан гадаад хамтын ажиллагаа өргөжихөд дэмжлэг болж чадлаа. Нийт 40 хүний бүрэлдэхүүнтэй энэхүү Сөүл хотын залуучуудын сайн дурын 1-р ээлжийн баг нь уур амьсгалын өөрчлөлт, байгал орчин болон дэлхийн иргэний боловсрол гэсэн хоёр салбарт 2023 оны 12-р сараас эхлэн Чингэлтэй Дүүргийн Боловсролын хэлтэс, MIU олон улсын дээд сургууль, МҮИС, 23-р сургууль, 60-р сургууль гэсэн Улаанбаатар хотын таван байгууллагад гурван сарын хугацаатай ажилласан юм.
Сайн дурын баг нь дээрх сургуулийн оюутан, сурагчидтай хамтран уур амьсгалын өөрчлөлт, байгал орчин болон дэлхийн иргэний боловсрол чиглэлээр сургалтын гарын авлага, видео контентыг Монгол хэл дээр боловсруулж хүлээлгэн өглөө. Түүнээс гадна тус гарын авлага материалыг Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад хандивлан өгөв.
Хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаанд сайн дурынхныг хүлээн авч ажилласан ЕБС-ийн 23-р сургууль, 60-р сургууль, MIU, МҮИС-ийн удирдлага, хамт олон, оюутан, сурагчид болон Сөүлийн сайн дурынхны ажиллах бүх хугацаанд хамтран ажилласан Лантуун Дохио ТББ-ын удирдлагууд оролцсон юм. Мөн дэмжлэг үзүүлж хамтран ажилласан Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төсөл, Монголын Хүний Нөөцийн Институт, Грийн Группийн удирдлага, хамт олон хаалтын арга хэмжээнд хүрэлцэн ирж, баяр хүргэлээ.
Арга хэмжээний үеэр нийслэлийн Чингэлтэй дүүргийн ЕБС-иудыг төлөөлж 149-р сургуулийн захирал Э.Пүрэвсүрэн “Туршилт сургалтад хамрагдсан таван сургууль болон Чингэлтэй Дүүргийн бусад ЕБС-иудад энэхүү гарын авлагыг түгээн дэлгэрүүлнэ. Мөн сургалтын гарын авлага, материал нь боловсролын салбарт чухал хөрөнгө оруулалт авчирлаа” хэмээн онцолж байв. Сөүл хотын залуучуудын сайн дурын багийн зүгээс тус хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд томоохон дэмжлэг болсон бүх байгууллагууд, оюутан сурагчид, цаашлаад Улаанбаатар хотын иргэдэд талархаж, Улаанбаатар хот болон Сөүл хотын залуучуудын хамтын ажиллагаа улам өргөжиж, соёлын солилцоо үргэлжилнэ хэмээн найдаж байгаагаа илэрхийлэв.
0 cэтгэгдэлтэй