Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар АНУ-ын Аризона мужийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Роберт Брутинел тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

timelive.mn 2024-03-29

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Америкийн Нэгдсэн Улсын Аризона мужийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Роберт Брутинел, тус мужийн Шүүхийн захиргааны дарга Дэйв Байерс нарын төлөөлөгчдийг өнөөдөр (2024.03.29) хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, хүндэт зочдыг манай улсад тавтай морилохыг уриад, шүүхийн ил тод үйл ажиллагаа, шүүх эрх мэдлийн байгууллагын цахимжилтын хүрээнд тэргүүлэх туршлагаасаа хуваалцаж буйд талархаж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр үргэлжлүүлэн, төрийн аливаа үйл ажиллагаа, иргэдэд чиглэсэн үйлчилгээг нээлттэй, хялбаршуулсан хэлбэрээр хүргэхийн тулд Монгол Улс цахим шилжилтийг бүх шатанд нэвтрүүлэхээр зорьж байгааг онцлоод хууль тогтоох дээд байгууллагын зүгээс холбогдох эрх зүйн орчинг боловсронгуй болгоход анхаарах олон асуудал байгааг дурдсан юм.

сонин mn

Хүний эрхийн суурь зарчмуудад тулгуурлан кибер аюулгүй байдлыг хангахад онцгойлон анхаарах ёстойгоос гадна цахим системийн үйл явц нь нээлттэй, хялбаршуулсан, мөн найдвартай байх учиртайг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар тэмдэглэн хэлэв. Уулзалтын үеэр АНУ-ын Аризона мужийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Роберт Брутинел хэлэхдээ, бид Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Улсын дээд шүүх болон Монголын хуульчдын холбоо зэрэг байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, цахимжилтийн үйл явц хийгээд тулгарч буй бэрхшээлүүд, дэвшүүлж байгаа санал, шийдлүүдийг хэлэлцсэн хэмээн онцоллоо. Тэрбээр, шүүхийн үйл ажиллагааны ил тод, хараат бус, хүртээмжтэй байдлыг сайжруулж, шүүх эрх мэдлийн байгууллагуудын уялдааг дэмжих замаар шүүх засаглал, ардчилсан институтыг бэхжүүлэх нь цахим шилжилтийн гол зорилго мөн гэдгийг тодотгосон юм.

сонин mn

Түүнчлэн, манай хоёр орон ардчиллын нийтлэг үнэт зүйлстэй бөгөөд Монгол Улсын хувьд цахим шилжилтийг эрх зүйн орчноор дэмжиж, харилцан туршлага солилцон, богино хугацаанд үр дүнтэй өөрчлөлтүүдийг нэвтрүүлсэнд таатай байгаагаа дурдахын сацуу цахимжуулах процесс нь цаг хугацаа хийгээд төсөв хөрөнгө зайлшгүй шаарддаг гэдэгт санал нэгдлээ. Уулзалтын дундуур архивын материал, нотлох баримт, мэдээллийн нэгдсэн сангуудын цахимжилт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд технологийн дэвшлийг хэрхэн нэвтрүүлсэн талаар мэдээлэл солилцов. Ташрамд дурдахад, АНУ-ын Аризона мужийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Роберт Брутинел, тус мужийн Шүүхийн захиргааны дарга Дэйв Байерс нар Монголын хуульчдын холбоо, АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран, хоёр дахь удаагаа хэрэгжүүлж буй “US Speaker” хөтөлбөрийн хүрээнд шүүхийн үйлчилгээний хүртээмж, цахимжуулалтын талаар зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгүүдэд оролцож байгаа аж хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.