МАН-ын бүлгийн хуралдааны дараа тус намын дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд дараах тайлбарыг өглөө. Тэрбээр “Гурван асуудлыг хэлэлцлээ. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас өргөн баталсан уламжлалт мал аж ахуйн чиглэл, гурилыг импортын татвараас чөлөөлөх, Баялгийн сангийн тухай хуулийг тавдугаар сарын 15-аас өмнө хэлэлцэн батлахаар төлөвлөж байна. Хуралдаанаар дотоод асуудлууд хэлэлцлээ” гэв. Үргэлжлүүлэн түүнээс сэтгүүлчид дараах асуултыг асуулаа.
–Цаашид Их хуралд гишүүдийн ирцийг бүрдүүлэх тухай хэлэлцэв үү. УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж байгаа учраас ирц хангалтгүй байна?
-УИХ-ын гишүүдийг Даваа, Баасан гарагт тогтмол суух чиглэлийг өгч байгаа. Сүүлийн үед ирц нэмэгдэж байна. Тойрог томссон тул УИХ-ын гишүүн гурван тойрогт ажиллах шаардлага гарч байгааг хэлж байна билээ. Сонгуулийн тухай хуулиар тавдугаар сарын 15-аас өмнө ажиллах боломжтой. Үүнээс хойш зургадугаар сарын 10 хүртэл гишүүд тойрогтоо ажиллах боломжгүй учраас Их хурлын гишүүдээс тойрогтоо ажиллах шаардлагатай байгааг хэлж байгаа юм. Иймээс хориглож болохгүй. Бид Бямба, Ням, зарим үед Даваа гарагт бүлгийн хурал хийх, зарим үед хойшлуулж байгаа. Хамгийн хүндрэлтэй нь, Байнгын хорооны хуралдааны ирц хангалтгүй байна.
–Хууль батлах чухал биш үү?
-Мэдээж хууль батлах нь чухал.
–Гурилыг импортын татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхийг дэмжээд 45 хонож байна. Бүлгийн гишүүд гурилын бүлэглэлийн нөлөөнд орсон гэж харж болох уу. Шалтгаан нь юунд байна?
-Болохгүй. Д.Амарбаясгалан дарга худлаа ярьсан байна билээ. Гуравдугаар сарын 19-ны өдөр УИХ-аар орсон. Иймээс 45 биш 23 хонож байгаа юм. Гурилыг импортын татвараас чөлөөлөх нь хоёр талтай. Иймд аль аль талыг нь авч үзнэ. Төсвийн байнгын хороо, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо хамтарсан ажлын хэсэг байгуулсан тул энэ сард багтаан хуулийн төслийг хэлэлцүүлнэ.
–МАН сонгуульд асуудалд оролцсон гишүүддээ хариуцлага тооцож улмаар 2024 оны УИХ-ын сонгуульд оролцуулахгүй гэж мэдэгдсэн?
-Үгүй, намын дүрмээр шийдвэрээ гаргана. Дүрмийн дагуу зарим гишүүдээ түдгэлзүүлсэн. Яллагдагчаар татагдсан гишүүдийг түдгэлзүүлэх санал гаргана.
–Хэдэн хүн түтгэлзэв?
-10 гаруй байгаа. Гэхдээ би бодлого тодорхойолдог хүн биш.
–Орон нутаг дахь намын гишүүд хэрэгт холбогдсон тохиолдол гарч байна?
-Орон нутгийн удирдлагуудтай холбоотой асуудал бий. Энэ асуудлыг намын хяналтын хорооноос тодруулах нь зөв. Намын дүрэм зөрчигдсөн эсэх, яллагдагчаар татагдсан эсэхийг хянадаг нь Хяналтын хороо.
0 cэтгэгдэлтэй