Алек Болдуины “Rust” киноны зэвсгийн мэргэжилтэн санамсаргүй аллагын хэргээр 18 сарын хорих ял сонслоо

timelive.mn 2024-04-16

Холливүүдийн од Алек Болдуин кино зураг авалтын үеэр буу алдаж, зураглаач эмэгтэйн амийг хөнөөсөн хэрэг 2021 онд гарч байсан билээ.

АНУ-ын Нью-Мексико мужийн Санта-Фэ орчимд вестерн төрлийн “Rust” уран сайхны киноны зургийг авч байх үед энэ хэрэг гарсан юм. Үүний улмаас зураглаач эмэгтэй Халина Хачинс золгүй байдлаар амиа алдаж байв.

Орчин үеийн түүхэнд анх удаа кинонд ашигласан жинхэнэ сумтай галт зэвсгийн улмаас хүний амь үрэгдсэн энэ хэрэг Холливүүдийг цочроосон юм.

Санамсаргүй аллагад хэн буруутайг тогтоох мөрдлөг одоо болтол үргэлжилж байгаа.

Өчигдөр Нью-Мексико мужийн шүүх тус киноны зэвсгийн мэргэжилтнээр ажиллаж байсан 27 настай Ханна Гутеррест 18 сарын хорих шийтгэл оноожээ.

зураг

Түүнийг ноцтой алдаа гаргаж, Болдуины зураг авалтад ашигласан гар бууг жинхэнэ сумаар цэнэглэсэн гэж буруутгасан байна.

Ханна Гутеррес нь Холливүүдийн галт зэвсгийн сургагч Тэлл Ридийн дагавар охин юм.

Нэрт жүжигчин Алек Болдуиныг мөн санамсаргүй аллагад буруутгаж байгаа бөгөөд түүний шүүх хурлыг долдугаар сарын 10-нд зохион байгуулах товыг энэ оны эхээр гаргаад байгаа.

Энэхүү эмгэнэлт явдлын дараа АНУ-ын киноны салбарынхан зураг авалтад жинхэнэ галт зэвсэг ашиглахыг хориглож байлаа.

Гэвч өнгөрсөн хоёр жил, хагасын хугацаанд олон студи уг шийдвэрээсээ буцаж, дахин галт зэвсэг ашиглаж эхэлжээ.

Кино зураг авалт, жүжиглэлтийг бодитой болгохын тулд ингэхээс өөр аргагүй болсон гэж тэд тайлбарлаж байгаа.

Киноны зураг авалт хэтэрхий давчуу хугацаанд болсон тул зэвсгийн аюулгүй байдлыг шалгах боломж олгоогүй гэж Гутеррес өөрийгөө өмгөөлсөн юм. Тиймээс тэр өөрийг нь шахаж, яаруулсан киноны найруулагч, зохиолч, гол дүрийн жүжигчин Болдуиныг буруутгаж байлаа.

Энэ хэргээс өмнө 20 дугаар зууны эхээр кинонд ашигласан галт зэвсэг жинхэнэ сумтай байсны улмаас хүний амь үрэгдсэн тохиолдлууд гардаг байжээ.

Сүүлд 1993 онд домогт жүжигчин Брюс Лигийн хүү Брэндон Ли, 1984 онд жүжигчин Жон-Эрик Хэксам нар кино зураг авалтын үеэр галт зэвсэгтэй холбоотой алдааны улмаас амиа алдаж байсан юм. Гэхдээ тэдний тохиолдолд галт зэвсэгт жинхэнэ бус, хиймэл сум ашигласан байжээ.

Эх сурвалж: Reuters