Сонгуулийн ерөнхий хороо хоёр өдөр хуралдаж, аймаг, нийслэлийн сонгуулийн хороо, Төв комиссыг байгуулжээ.
Тодруулбал УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь ИТХ-аас ирүүлсэн саналыг харгалзан дарга, нарийн бичгийн дарга болон долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байна.
Харин гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий Төв комиссыг Гадаад Харилцааны Яамны саналыг харгалзан 11 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ.
Төв комиссын даргаар ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал Д.Амарсайхан, Нарийн бичгийн даргаар тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын зөвлөх Ш.Цэнд-Аюуш, бүрэлдэхүүнд нь Сонгуулийн Ерөнхий Хороо, Гадаад Харилцааны Яам, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын холбогдох албан тушаалтнууд ажиллах юм байна.
Сонгогчдын сонгох эрхийг хангах, санал авах, тоолох үйл ажиллагааг иргэдэд хүндрэл үүсгэхгүйгээр зохион байгуулах шаардлагыг харгалзан сонгуулийн хэсэг нэгтгэх, шинээр байгуулах хүсэлтийг хэлэлцэж, хүсэлт гаргасан сум, дүүргийн ИТХ-д зөвшөөрөл олгожээ.
Түүнчлэн сонгуулийн автоматжуулсан системийн ашиглалтыг хариуцаж аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хорооны дэргэд ажиллах мэдээллийн технологийн багийн бүрэлдэхүүнийг баталсан байна.
Сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг Мэдээллийн Технологийн Төв, Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яам, Тагнуулын Ерөнхий Газрын төлөөллийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ.
УИХ-ын 126 гишүүнийг сонгох сонгуулийн санал хураалт 2024 оны зургаадугаар сарын 28-ны Баасан гарагт орон даяар явагдахаар товлогдсон билээ.
0 cэтгэгдэлтэй