М.Чадраабал: Цөмийн эрчим хүчний станцын урьдчилсан төлөвлөлт хийхэд 5.7 тэрбум төгрөг шаардлагатай

timelive.mn 2024-04-17

“Монголын Эрчим Хүчний Систем ба Цөмийн Эрчим Хүчийг Ашиглах Боломж” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Шинжлэх Ухааны Академи(ШУА)-д өнөөдөр боллоо.

Энэ үеэр Цөмийн технологийн бодлогын газрын дарга М.Чадраабал “Монгол Улсад цөмийн эрчим хүчийг ашиглах төрийн бодлогыг хэрэгжүүлэх арга зам” сэдвээр илтгэл тавьсан юм.

Тэрбээр “2021 оны байдлаар эрчим хүчний эх үүсвэрийн 39% нь нүүрс, 23% нь байгалийн хий, 16% нь ус, 10.5% нь цөмийн эрчим хүчийг ашиглаж байна.

Олон улсын шинжээчдийн дүгнэлтээр цөмийн эрчим хүчийг ашиглах нь цаашид өсөх хандлагатай. Ингэж харах хэдэн шалтгаан бий.

Эхнийх нь уур амьсгалын өөрчлөлт. 2015 онд Парис хотод уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэлэлцээрээр ус болон цөмийн эрчим хүчийг түлхүү ашиглах талаар яригдсан. Түүнчлэн өнгөрсөн онд Дубайд болсон “COP28” уулзалтаар нүүрсний хэрэглээг багасгах зорилгоор ус, цөмийн эрчим хүчний хэрэглээг өсгөх талаар хэлэлцсэн.

Одоогоор дэлхий даяар 30 гаруй оронд 410 гаруй цөмийн эрчим хүчний станц ажиллаж байна.

Сүүлийн үед цөмийн эрчим хүчний зардал эрс өссөн. Үүнд доорх шалтгаанууд нөлөөлж буй нь:

  • Японы Фүкүшимагийн ослын улмаас стандарт, эрх зүйн орчин сайжирсантай холбоотой цацрагийн хамгаалалтын систем, технологийн сайжруулалт
  • Технологи хөгжүүлэгчдийн монополи байдал
  • Барилгын явц удааширсан
  • Бараа материалын үнэ өссөн зэрэг байна.