Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна

timelive.mn 2024-04-17

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, норм, стандартын зөрчлийг газар дээр нь шуурхай арилгуулж буй. Энэ хүрээнд Намъянжүгийн гудамж буюу Зүүн дөрвөн замын уулзвараас “Нарантуул” захын уулзвар, цаашлаад Чулуун овооны тойргоос “Гермес” худалдааны төв хүртэлх төв зам дагуух зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна.

Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот байгуулалтын инженерийн бэлтгэл, хяналтын хэлтсийн дарга М.Идэрбаатар:

-Тухайн хашаа хайс, самбарууд иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшилд байж болох ч нийслэл, дүүргээс зохих зөвшөөрлийг аваагүй учраас буулгаж байна. Зөвшөөрөлгүй байрлуулсан хашаа хайс, самбарыг буулгах мэдэгдлийг тухайн иргэн, аж ахуйн нэгжид долоо хоногийн өмнө хүргүүлж байгаа бөгөөд зөрчлөө арилгаагүй тохиолдолд ийнхүү албадан буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж байгаа юм хэмээлээ.

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд стандарт мөрдүүлэхдээ зөвшөөрөлгүй, зөрчилтэй объектуудыг буулгах, нүүлгэх, чөлөөлөх арга хэмжээг авч, иргэд таатай, аюулгүй, чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС