Манай улс анх 1964 онд төв цэвэрлэх байгууламжийг шүүх буюу механик цэвэрлэгээ хийх зориулалттайгаар ашиглалтад оруулжээ. Үүнээс хойш гурван удаа технологийн өргөтгөл, шинэчлэл хийж, 800 мянган хүнтэй хотын хоногийн 230 мянган шоо метр ахуйн бохир ус хүлээн авч 90 хувь хүртэл цэвэршүүлэх хүчин чадал бүхий байгууламж болгосон байна. Гэтэл өнөөдөр хүн ам хоёр дахин өсөх хэрээр бохирдлын хэмжээ ч 3-5 дахин нэмэгдсэн байна. Ийнхүү хоногт 160-210 мянган шоо метр бохир хүлээн авснаар цэвэрлэх хүчин чадал нь 170 мянган шоо метр болон буурч техник технологийн эвдрэл гэмтэл их гарч байгаа аж.
Улаанбаатар хотын бохир 10 гаруй шат дамжлагаар цэвэрлэдэг
Төв цэвэрлэх байгууламж нийслэлээс ирж буй ахуйн болон үйлдвэрийн бохир усыг 10 гаруй шат дамжлагаар цэвэрлэн Туул голд нийлүүлж байна. Тэнд механик цэвэрлэгээгээр хог, өөх тос, элс, лагийг бохир уснаас цэвэрлэдэг юм. Харин биологи цэвэрлэгээгээр агаар, идэвхт лагийн тусламжтайгаар органик бохирдлыг исэлдүүлэн эрдэсжүүлдэг байна. Төв цэвэрлэх байгууламжид татан зайлуулж байгаа нийт бохир усны 7-8 хувийг ус бохирдуулагч үйлдвэр, аж ахуйн нэгж газруудын хаягдал бохир ус эзэлдэг аж. Үүний 40 орчим хувийг зөвхөн арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрийн хаягдал ус эзэлж байгааг мэргэжилтэн хэллээ.
Механик цэвэрлэгээний байгууламжид хоногт 700-800 кг үс, ноос барьж авч байгаа боловч тоног төхөөрөмж эвдрэл гэмтлээс шалтгаалан хаягдлыг 100 хувь барих боломжгүй ажээ. Төв цэвэрлэх байгууламж бохир усаа 1400 мм, 1200 мм-ийн диаметртэй хос шугамаар хүлээн авдаг. Хос шугамаар ирсэн бохирдлыг насосоор механик цэвэрлэгээний байгууламж руу шахаж өгдөг. Энэ хэсэгт усанд уусдаггүй хог хаягдлыг шүүн сараалж хэсэгт үлдээснээр хогийн цэг рүү зөөдөг тухай Төв цэвэрлэх байгууламжийн ахлах инженер Б.Бадамханд хэлэв.
Хүлээн авах насос станцын сараалж, насосын ажлын дугуй, шугам хоолой, хаалтад хоолны үлдэгдэл, тамхины иш, ноос, нойлын цаас зэрэг ахуйн хаягдал орж механик гэмтэл үүсгэн засвар үйлчилгээ хийхэд хүндрэл учруулдаг. Өдөрт 3-4 удаа эвдрэл гэмтэл гардаг учир дараагийн ээлждээ техник, технологийг засварлан хэвийн үйл ажиллагаатайгаар хүлээлгэж өгдөг. Техникийн саатал гарвал зориулалтын хувцсаа өмсөн гар аргаар бохирдлыг цэвэрлэдэг. Тиймээс иргэд суултуур руугаа хоолны хаягдал, нойлын цаас, тамхины иш зэрэг хог хаягдал хийж бохирдол нэмэхгүй байх нь бидний ажилд тус болно гэдгийг Төв цэвэрлэх байгууламжийн оператор А.Амаасүрэн хэлж байлаа.
Токио хот байгалийн бичил биет ашиглан усаа цэвэрлэдэг