“Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн 50 МВт-ын өргөтгөл өчигдөр/2024.04.24/ дуусаж, эхний галлагаагаа хийсэн” болохыг аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
ДЦС-ын өргөтгөл ашиглалтад орсноор Дорнод, Сүхбаатар аймгийн 36 сум, суурин газрын 25 мянга орчим өрх, 3,100 гаруй аж ахуйн нэгж, албан байгууллага, уул уурхайн 13 ордын баяжуулах, олборлох үйлдвэрийг цахилгаан эрчим хүчээр хангана.
Харин аймгийн төв Чойбалсан хотын 800 гаруй аж ахуйн нэгж, 6,000 гаруй өрхийг дулаанаар хангах юм байна.
Чойбалсан дахь уг ДЦС-ын өргөтгөлийг Монгол Улсын засгийн газрын санхүүжилт болон БНХАУ-ын Хөгжлийн Банкны зээлээр барьжээ.
Газрын тосны олборлолт, боловсруулалт болон уул уурхайн салбарыг тогтвортой хөгжүүлэх, зүүн бүсэд томоохон бүтээн байгуулалт хийх зорилгоор цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэхээр ДЦС-ын 50МВт-ын өргөтгөлийн барилга угсралтын ажлыг дөрвөн жилийн өмнө буюу 2020 онд эхлүүлжээ.
Дорнод бүсийн ДЦС-ын 50МВт-ын өргөтгөлийг ашиглалтад оруулчихвал төвийн бүсэд 30МВт-ын эрчим хүчний дэмжлэг үзүүлэх юм хэмээн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлж байв.
0 cэтгэгдэлтэй