Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг өнөөдөр хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бейсэн Шинжлэх Ухааны Академи(ШУА) өөрсдөө орлого олох боломж байгаа эсэхийг тодруулав.
Түүний асуултад ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл “Бид дэлхийн шинжлэх ухааны академийн хөгжлийн чиг хандлагатай ойр байхыг зорьдог.
Одоогоор 140 орчим улс ШУА-тай. Үүний 80 нь бүтэц зохион байгуулалтын хувьд манай улсын ШУА-тай харьцангуй төстэй. Монгол Улсын ШУА-ийг нь Оросын ШУА-тай төстэй гэдэг. Түүнийг ортой гэхэд хэцүү. Учир нь Оросын ШУА нь Францын ШУА шиг зохион байгуулалтаар байгуулагдсан. Дэлхийн 80 орны ШУА ийм бүтэцтэй учраас зөв гэж бодож байгаа.
Санхүүжилтийн хувьд маш бага. Манай байгууллагын төсөв сайдын багцад явдаг. 2024 оны байдлаар 42 тэрбум төгрөг. 75 хувь нь цалин, 25 хувь нь үйл ажиллагааны урсгал зардал. Байгууллагыг хөгжүүлэх зардал гаргахад хэцүү ч бид гадаад харилцаагаараа ашигладаг.
Бүс замын орнуудын хэмжээнд БНХАУ-аас 100 лаборатори байгуулахаар болсны анхныхыг Монголд байгуулж байгаа. Долдугаар сарын 26-нд Монголд нээлтээ хийнэ. Шинжлэх ухаан, технологийн цогцолборт байрлуулж ажиллуулна” гэлээ.
Харин тэрбээр лабораторийн тоног төхөөрөмжийн талаар “ШУА-ийн лабораторийн төхөөрөмжийн 80 хувь нь 20 дугаар дууны сүүлийн хагасын түвшинд бий.
ШУА-д орлого олох боломж их бий. Одоо бол хуулиараа хаалттай. Тендерийн хууль өнгөрсөн онд батлагдахад эрдэм шинжилгээний байгууллагуудаар төрийн өмчит үйлдвэрийн газар, компаниуд судалгаа боловсруулалтын ажлаа шууд захиалгаар хийлгэж болох заалт оруулсан. Гэвч энэ хууль зургаан сар үйлчлээд шинээр нэмэлт өөрчлөлт оруулахад тэр заалт хасагдчихсан.
Энэ хооронд хүрээлэнгүүд төрийн өмчит үйлдвэрийн газрууд хоорондоо хэд хэдэн гэрээ байгуулснаар 2023 онд ШУА-ийн хэмжээнд төсвийн гадуур орлого 18 тэрбум төгрөг болсон. Энэ боломжийг Тендерийн хуулиар нээгээд өгвөл улсын төсвөөс гадна өөрийгөө санхүүжүүлэх төсвөө олох хүний нөөцөө болон лабораторийн боломж бий.
Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа ийм заалт тусгах тал дээр гишүүд анхаарч өгвөл энэ салбарт том дэмжлэг болно” хэмээлээ.
0 cэтгэгдэлтэй