Галт тэрэг, шатахууны машинтай мөргөлдсөн осол гараад буй.
Уг ослын талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамираас тодруулахад “Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, 22-ын товчооны орчимд 2024 оны дөрөвдүгээр сарын 24-нд галт тэрэг, шатахууны машин мөргөлдсөн осол гарсан.
Ослын улмаас хүн бэртэж гэмтээгүй.
Тээврийн Цагдаагийн Албаны төмөр зам дахь цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.
Осол гарах үед автомашин шатахуун ачаагүй нь урьдчилсан байдлаар тогтоогдсон” гэсэн мэдээллийг өглөө.
Галт тэрэгний машинч нь гарам дээр гарсан саадыг хараад яаралтай тоормос хийх, дуут дохио өгөхөөс өөр ямар ч үйлдэл хийх боломжгүй бөгөөд гэнэтийн ослын тоормос гишгэхэд галт тэрэгний явж байгаа хурд, жингээс шалтгаалан 800-900 метр замыг туулж, зогсдог байна.
0 cэтгэгдэлтэй