Зайсангийн оршин суугчид маргааш нэг чигийн хөдөлгөөнийг эсэргүүцэж жагсана

timelive.mn 2024-04-26

Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/181 тоот захирамжаар Зайсан тойрууг нэг чигийн хөдөлгөөнтэй болгосон.

Үүнтэй холбоотойгоор, иргэдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаа мэдэгдлээ. Тодруулбал, Оршин суугчид маргааш 11.00 цагт Зайсангийн тойруугийн баруун урд талын уулзвар буюу 32 дугаар сургуулийн урд хэсэгт тайван жагсаал хийхээр болсон байна. Учир нь, Зайсангийн замыг нэг чигийн урсгалтай болгосноор осол аваар гарч, түгжрэл нэмэгдэж байна гэж үзжээ.

Харин албаныхан, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүрний хойноос урагш чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 44, Наадамчдын зам, Яармагийн гүүрний баруунаас зүүн чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 37, Энхтайваны өргөн чөлөө, МУБИС-ийн баруун урд уулзварын зүүнээс баруун чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 28 хувиар нэмэгдсэнийг албаныхан тодотгодог. Түүнчлэн Туул голын гүүрний өргөтгөлийн барилгын ажил дуусаж, ашиглалтад орохын өмнөх болон дараах үеийг харьцуулан үзэхэд оргил ачааллын үед 120 мянгатын уулзварын нэвтрүүлэх чадвар 10.5 хувиар нэмэгдсэн гэж мэдээлсэн юм.