Далайд сүйрсэн Титаник хөлгийн хамгийн баян зорчигчийн алтан цаг $1.5 саяар зарагджээ

timelive.mn 2024-04-29

1912 онд Атлантын далайд сүйрсэн Титаник хөлгийн хамгийн баян зорчигч нь алдартай хөрөнгөтөн гэр бүл болох Асторын удмын хүн Жон Жэкоб Астор IV байсан юм.

Ослын үеэр энэ хүний энгэртээ зүүж явсан алтан цагийг Бямба гарагт дуудлагаар зарахад 1.175 сая фунт стерлингийн ($1.485 сая) үнэ хүрчээ.

Энэ нь дуудлага худалдааг зохион байгуулагчдын төсөөлж байснаас арав дахин өндөр үнэ болсон байна.

Бас Титаник хөлгийн сүйрлээс үлдсэн эд зүйлсээс хамгийн өндөр үнэ хүрсэн тохиолдол болсныг “Henry Aldridge and Son” дуудлага худалдааны төвийн гүйцэтгэх захирал Эндрью Олдриж баталжээ.

Ноён Астор нь 1912 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Титаник хөлөг мөсөн уултай мөргөлдөж, живэх үеэр амиа алдсан 1,500 орчим хүний нэг юм.

Түүний хөл хүнд гэргий Мэделин уг ослоос амьд үлдэж байжээ.

зураг

Английн Уилтшир хотод Бямба гарагт зохион байгуулсан дуудлага худалдааны үеэр “Henry Aldridge and Son” төв Титаникийн сүйрлээс үлдсэн хэд хэдэн эд зүйлийг үнэ хаялцуулан зарсан юм.

Эдгээрийн дотор усан онгоцыг живж байх үед хөгжим тоглож байсан хамтлагийн ахлагчийн хийл хөгжмийн цүнх, Титаникийн аяллын төлөвлөгөөг харуулсан бичиг баримт зэрэг байжээ.

“Henry Aldridge and Son” уг хийлийг 2013 онд 1.1 сая фунтээр зарж байсан бол цүнхийг нь сая 360,000 фунтээр зарсан байна.

зураг

Титаникийн сүйрлийн үеэр тоглож байсан хийл хөгжмийн цүнх

Асторын халаасны цагийг зарагдахаас өмнө уг хийл Титаникийн эдлэлүүдээс хамгийн өндөр үнэ хүрсэн зүйл болж байжээ.

Аврагчид Асторын цогцсыг уснаас гаргахад халаасны цагнаас гадна алтан ханцуйвч, алмаазан бөгж, бэлэн мөнгө, тэмдэглэлийн дэвтэр зэрэг зүйлс олдож байсан юм.

Эдгээрийг түүний хүү Винсент Асторт шилжүүлэн өгч байжээ. Хэвийн ажиллаж байсан цагийг 1935 онд Винсент эцгийнхээ нарийн бичгийн дарга байсан Уилльям Доббин IV-ийн нялх хүүд Зул сарын бэлэг болгон өгсөн юм байна.

Доббины гэр бүл цагийг үе дамжуулан хадгалж байгаад 1990-ээд оны сүүлээр үнэ хаялцуулах зарахад АНУ-ын нэг цуглуулагч авснаа сая буцаан заржээ.

Эх сурвалж: CNN