Ц.Түвшинбаяр: Бүхэл бүтэн 110,000 гаруй хүнд хөлдсөн дуслын шингэнийг гэсгээж зарсан мэтээр биднийг гүтгэлээ

timelive.mn 2024-04-29

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол дөрөвдүгээр сарын 15-17-нд болсон. 

Гурван өдөр үргэлжилсэн энэхүү сонсголын үеэр “Хөлдүү тариаг гэсгээж, худалдаанд гаргасан байж болзошгүй”, “Чанарын шаардлага хангаагүй их хэмжээний дусал Монгол Улсын зах зээлд нэвтэрсэн байх магадлалтай” зэрэг ноцтой асуудлууд хөндөгдсөн юм.

Энэ тухай дөрөвдүгээр сарын 17-ны сонсголын үеэр шинжээч танилцуулсан байдаг. 



Хөлдүү тариаг гэсгээж, худалдаанд гаргасан эсэх тухай:

Шинжээч танилцуулахдаа “Түр хорооны хяналт шалгалтын явцад Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын эм шинжлэх лабораторид 2021 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр цувралын дугаар бүхий

  • Пантоген 500 мг
  • Нако №5
  • Нако №2 дусал, тарилгын шингэний дээжүүд нь шинжилгээнд ирэхдээ мөстэй, хөлдсөн байсан тул шинжилгээнд тэнцээгүй, шаардлага хангаагүй байна.

Дээрх мэдээллийг шалгаж, гаалийн мэдүүлэг болон бусад материалыг холбогдох байгууллагуудаас гаргуулан авч шалгахад “Түвшин-Энэрэл” ХХК нь Тайвань улсаас дөрвөн чингэлэг бүхий 54,595 литр, нийт 109,280 ширхэг дусал (тарилгын шингэн) импортлон 2021 оны арваннэгдүгээр сарын 23-нд Улаанбаатар хотын гаалийн хяналтын бүсэд галт тэргээр татан авчирсан.

Тухайн дусал, тарилгын шингэнүүдийг агуулахад гэсгээж, 21 хоногийн дараа Эм, биобэлдмэлийн улсын ахлах байцаагч С.Баасанцээ нь цуврал тус бүрээс дээжийг дахин лабораторид хүргүүлэн шаардлага хангасан дүгнэлт гаргаж, гаалийн хяналтын бүсээс гаргасан байна.

Тээвэрлэлтийн горим алдагдсанаас чанарын шаардлага хангахгүй болсон 109,280 ширхэг дусал (тарилгын шингэн)-ийг лабораторийн шинжилгээгээр шаардлага хангасан дүгнэлт гаргуулж, улмаар Монгол Улсын иргэдийн хэрэглээнд нэвтрүүлсэн байж болзошгүй” хэмээжээ.

Тэгвэл сонсголын үеэр нэр дурдагдсан “Түвшин-Энэрэл” ХХК-иас манай редакцад хандаж, зарим баримт мэдээллийг танилцуулсан юм. 

Хөлдүү тариаг гэсгээж худалдаалсан эсэх тухай дээрх мэдээлэлд “Түвшин-Энэрэл” эм ханган нийлүүлэх байгууллагын захирал Ц.Түвшинбаяр дараах байр суурийг хэлэв. 

Тэнцвэртэй мэдээлэх зорилгоор талуудын байр суурийг хүргэж байна. 


“Бодит байдал дээр 160 ширхэг дуслын шингэн зайрмагтсан учраас худалдаанд гаргаагүй”

Тэрбээр хэлэхдээ “Эмийн сонсголын үеэр манай компанитай холбоотой ярьсан мэдээлэл маш дутуу дулимаг байсан. Иргэдийг төөрөгдүүлэх маягтай, өөрсдөдөө оноо авах зорилготой явагдсан гэж үзэж байгаа. Энэ бол гүтгэлэг.

Тухайн сонсголыг зохион байгуулахын өмнө хэдэн сарын хугацаанд бэлтгэл ажил хангасан гэж яриад байгаа. Гэтэл тэр хугацаанд нэг ч шинжээч ирж, “Түвшин-Энэрэл” компанид хадгалагдаж байгаа нотлох баримттай танилцаагүй.

Тэгсэн мөртлөө манайхтай холбоотой маш ноцтой, олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл өгсөн. Түүнчлэн гэрчүүдээс тухайн үеийн процесс яаж явагдсаныг бүрэн илэрхийлэх хэмжээнд асуулт асууж, тайлбар аваагүй.

Нөгөөтээгүүр манай компаниас төлөөлүүлж, ганц ч гэрч дуудаагүй. Ямар ч нотлох баримтыг биднээс нэхэж аваагүй.

Нэг ёсондоо 110,000 орчим хөлдүү дуслын шингэнийг гэсгээгээд Мэргэжлийн хяналт болон бусад байгууллагыг аргалаад үгсэн хуйвалдаж, хүн ардад зарсан гэх ноцтой мэдээллийг нийтэд түгээсэн.

Бодит байдал дээр 160 ширхэг дусал зайрмагтсан учраас худалдаанд гаргаагүй. Өөрөөр хэлбэл 160 ширхэг тариаг 110,000 хэмээн хэллээ. Улмаар ард түмний дунд маш дутуу мэдээллийг хаясан.

Хөлдүү дөрвөн чингэлэг дуслын тариаг гэсгээгээд хүмүүст хийсэн мэтээр мэдээлээд байгаа. Гэтэл зайрмагтсан тэдгээр шингэнийг манайх худалдаанд гаргаагүй шүү дээ. Энэ бүхнийг нотлох баримтууд байгаа” хэмээн ярилаа.

“Битүү дулаалгатай учраас дөрвөн чингэлэг эм, тариа бүхлээрээ хөлдөх боломжгүй”

Үргэлжлүүлэн “Тухайн үед манай бүтээгдэхүүн Тайваниас усан онгоцоор Тяньжинд ирээд хэдэн сар гацсан.

Ингэж гацах магадлалтайг урьдчилан тооцоолоод дөрвөн чингэлгээ дулаалсан байдаг. Түүнчлэн чингэлгүүдийн дотор талд температур нь халуун хүйтнийг хэмжээг илэрхийлэх термометр байрлуулсан.

Хэмжилтээс нь харахад

  • Тяньжин дээр нэмэх 5-10 градус
  • Эрээн дээр ирээд 0 градус
  • Улаанбаатарт ирээд хаалга хавьд байсан дуслын шингэнүүд бага зэрэг хайрагдаж, зайрмагтсан.

Түүнээс биш битүү дулаалгатай учраас дөрвөн чингэлэг эм, тариа бүхлээрээ хөлдөх боломжгүй.

Улмаар гаалийн талбай дээр ирсэн бүх дусал, шингэнийг задалж, шалгаж үзэхэд эцсийн дүндээ 160 ширхэг шингэн зайрмагтсан байсан. Тиймээс тэдгээрийг лацдаад худалдаанд гаргаагүй, хөдөлгөөгүй.

Тодруулбал

  • Гаалийн талбай дээр томилогдсон хоёр байцаагч
  • Гаалийн ахлах байцаагч
  • Мэргэжлийн хяналтын байцаагч
  • Худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн эрсдэлийн эксперт гэх мэтчилэн маш том ажлын хэсэгтэй хамт ачааг хүлээж авсан.

Контейнер, хайрцаг болгоныг задалж үзсэн, шалгасан.

Бүгдийг нь задалж үзээд зайрмагтсан 160 ширхэг дуслын шингэнийг хурааж, лацдаад битүүмжилсэн байдаг.

Тэдгээр битүүмжилсэн тариа болон хэвийн хадгалагдаж ирсэн эм, тарианаас дахин шинжилгээ авсан” гэлээ.

Зайрмагтсан шингэний чанар алдагдаагүй гэх шинжилгээний хариу гарсан. Монголын гурван сая хүний 110 мянгыг үхэлд хүргэх хэмжээний эм, тариаг худалдаанд гаргана гэдэг чинь байж боломгүй асуудал. Маш сайн шинжилж, судалж байж ярих ёстой байсан” гэлээ.

“10 гаруй ажилтандаа гарын үсгээр баталгаажуулаад өгчихсөн. Би өөрөө хүртэл хэрэглэсэн”

Мөн тэрбээр “Задлах, битүүмжлэх, шинжлэх зэрэг ажил нь эм хүлээн авч байгаа хяналтын байгууллагын эрхийн асуудал байсан.

Лабораторийн хариу иртэл “Хөдөлгөж болохгүй”, “Зарж борлуулж болохгүй” гэсэн. Шинжилгээний  хариу нь маш хурдан буюу долоо хоногийн дотор хийгдсэн байдаг.

Тэр хооронд үйлдвэрлэгчтэйгээ буюу Тайвань руу харьцаж, хэрвээ манай эм хөлдвөл чанарын хувьд яах вэ? гэдгийг асуугаад албан бичиг явуулсан.

Мэдээж эмийг бүтээж, хэрэглээнд гаргахад асар том туршилт явагдана. Тэр туршилт дотор найруулгыг шинжлэхээс гадна

  • Хүний биед яаж үйлчлэх вэ?
  • Хөлдөөгөөд гэсгээхэд чанар алдагдах уу?
  • Халаагаад хөргөхөд ямар өөрчлөлт гарах уу? зэргээр олон төрлийн шинжилгээ хийж, туршилтаар баталгаажуулдаг.

Үүнээс үүссэн туршилт бүхий “Хөлдөөд гэсэхэд чанар өөрчлөгдөхгүй” гэсэн албан бичгээ бидэнд ирүүлсэн байсан.

Түүнчлэн манай улсын лабораторид тухайн дуслын шингэнээс хүртэхүй болон чанарын шинжилгээ хийхэд микро шинжилгээ буюу чанарын шинжилгээнд өөрчлөлт гараагүй.

“Чанар өөрчлөгдөөгүй” хэмээх хариу гарсан байгаа. Үүний зэрэгцээ цаад үйлдвэрлэгч талаар “Хөлдөөд гэсэхэд чанар өөрчлөгдөхгүй” гэх туршилтын бичгээ илгээсэн.

Бид мэргэжлийн байгууллага, хариуцлагатай байх шаардлагатай учраас давтан шинжилгээ өгсөн. Мөн л чанар өөрчлөлтгүй байсан.

Гэхдээ эмч хүнийхээ хувьд хариуцлагаа ухамсарлан зайрмагтсан шингэнүүдийг зах зээлд гаргаагүй. Нөгөө талаар зайрмагтсан шар өнгийн шингэнийг устгах үндэслэл ч байгаагүй. Яагаад гэвэл чанараа алдаагүй гэж давтан шинжилгээний хариу гарсан.

Тухайн үед эрүүл мэндийн салбарынхан нойр хоолгүй ажиллаж байсан учраас 10 гаруй ажилтандаа гарын үсгээр баталгаажуулаад өгчихсөн. Би өөрөө хүртэл хэрэглэсэн.

Дотооддоо зарцуулсан болохоос биш устгах үндэслэл байхгүй.

Гэтэл тэр 160 зайрмагтсан шингэнээ худалдаанд гаргаад гэх мэтээр хүмүүст буруу мэдээлэл авч байна. Тиймээс устгах үндэслэл байгаагүй учраас өөрсдөдөө хэрэглэчихсэн гэсэн үг.

Энэ бүхнийг баримтаар тайлбарлаж болно” хэмээв.

Баримтуудыг дурдвал:

Гаалийн хяналт шалгалт хийсэн тухай тэмдэглэл болон хяналт шалгалтын гэрчилгээ

Мөстэй шар өнгөтэй тунгалаг шингэн “хэвийн” гэсэн үзүүлэлт болон дөрвөн цуврал дээр тус бүр шинжилгээ авсан баримт (“Ариун” гэдэг нь бактери байхгүй гэдгийг илтгэнэ)

Тайванийн үйлдвэрлэгчээс ирсэн “Хөлдөөд гэссэн ч чанар нь алдагдахгүй” гэдэг чанарын гэрчилгээ (Монгол орчуулгын хамт)

Чингэлгүүдийн дотор талд температур нь халуун хүйтнийг хэмжээг илэрхийлэх термометрын үзүүлэлт

зураг

160 ширхэг дуслын шингэнийг хурааж, лацдаад битүүмжилсэн. Чанар өөрчлөгдөөгүй тул ажилчдадаа өгсөн баримт