Х.Нямбаатар: Улаанбаатарыг баруун талаас нь баас, шээснийх нь үнэрт жилийн жилд автуулдаг асуудлыг хөндөнө

timelive.mn 2024-04-29

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан өнөөдөр болж байна.

Энэ үеэр Улаанбаатар хотын бохир усны “Туул-1” коллектор ба Төв цэвэрлэх байгууламжтай холбоотойгоор дараах асуудлыг Хотын дарга Х.Нямбаатар ярилаа.

Тэрбээр хэлэхдээ “Хоёр сая хүн амтай Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж лаг боловсруулах үйлдвэргүй баригдсан. Бүгд иж бүрэн биш юм билээ.

60 жилийн өмнө лаг зөөж хаядаг байсан тэр байдал одоо ч хэвээр. Гадаа талбай дээрээ гаргаж хатаагаад Эмээлтийн цаана аваачиж булдаг технологитой.

Тэгвэл ирэх жилээс цэвэрлэх байгууламжийг иж бүрэн болгоё. Ингэхийн тулд “Туул-1″ коллекторыг энэ жилдээ холбож дуусгаад бүрэн хүчин чадлаар нь цэвэрлэх байгууламжийг ажиллуулъя. Улмаар ирэх жил гадаад, дотоод аль нэгэн эх үүсвэрээр дамжуулан лаг боловсруулах үйлдвэр барьснаар Улаанбаатар хотын баруун талын үнэр дарагдана.

Түүнчлэн лагийг эрчим хүчний нэг төрөл хэлбэр болгож ашиглахаас өөр аргагүй юм билээ.

Бид өнгөрсөн 20-оод жил ямархуу төлөвлөлттэй явснаа бодитой дүгнэмээр байгаа юм. Нэг шугамыг татах гэж улсаараа 18 жил явлаа.

Тэр бүх хугацаанд жилдээ нэг тэрбум, зарим жил 500 сая эсвэл хоёр тэрбум төгрөг зэргээр тавьсан ч дуусдаггүй. Энэ ажил дуусаагүйгээс болоод 17 жилийн өмнө тавьсан шугамуудын дийлэнх нь ашиглалтын шаардлага хангахаа больж байна” гэлээ.

Мөн “Гадаадын талыг шүүмжлээд байх юмгүй. БНХАУ-ын тал ярьсныхаа дагуу наймдугаар сарын 20-нд техникийн комисс ажиллуулж, шинэ цэвэрлэх байгууламжийг хүлээлгэж өгнө гэсэн.

Гэтэл “Туул-1” коллектор буюу Налайхаас эхлэлтэй энэ шугам цэвэрлэх байгууламж руу очих ямар ч боломжгүй болсон. Үүний зэрэгцээ зарим Засаг дарга нар тухайн газар дээр барилгын зөвшөөрөл өгсөн, хашаа хатгуулсан, үйлчилгээ эрхлүүлсэн асуудлууд бий.

Хүрээний бузрыг яривал далай, далай гэдэг шиг “Туул-1” коллектортой холбоотой их юм байгаа.

Энэ удаад бондоор мөнгө босвол Төв цэвэрлэх байгууламжийг бүрэн хүчин чадлаар нь ашиглах шугам сүлжээг холбоё. Харин дараа жилийн хамгийн тэргүүний зорилго бол лаг боловсруулах үйлдвэр барих явдал.

Улаанбаатарыг баруун талаас нь баас, шээснийх нь үнэрт жилийн жилд автуулдаг. Үүнээс болж ойр орчмынх нь иргэд хорддог зэрэг янз бүрийн асуудалтай тулгарч байгаа.

Гэтэл хэн ч хөндөж ярьдаггүй. Энэ удаад бид хөндөнө. Цэвэрлэх байгууламжтай холбоотой асуудлыг 2024, 2025 онд цэг тавиад их хотын цэвэрлэх байгууламж иж бүрнээрээ ашиглагдах боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллана” хэмээв.