Зам засвар арчлалтын хүрээнд энэ онд нийслэлийн 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөөд байна. Өнөөдрийн байдлаар зургаан байршилд засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж буй. Мөн урсгал засвар буюу нүхэн эвдрэлийг засварлах ажлыг төвийн зургаан дүүргийн 201 байршилд хийж байгаа юм.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар “Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд 1.1 км урт, 14-16 метр өргөн авто замыг засварлаж буй.
Энэ хүрээнд нэгдүгээр хэсэг болох Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх авто замыг дөрөвдүгээр сарын 29-ний 22:00 цагаас дөрөвдүгээр сарын 30-ны 23:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж байна.
Уг замын хөдөлгөөнийг 23:00 цагт нээсний дараа хоёрдугаар хэсгийн буюу Халдвартын уулзвараас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 1-ний 22:00 цагаас тавдугаар сарын 3-ны 06:00 цагийн хооронд хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийнэ.
Ингэхдээ тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, борооны усны шүүрт худгуудыг цэвэрлэх, авто замын зорчих хэсгийг хүчитгэх асфальт бетон хучилтын ажил хийж байгаа юм” гэв.
0 cэтгэгдэлтэй