Үхрийн шинэ мах килограмм нь 20-23 мянган төгрөгийн үнэтэй байна

timelive.mn 2024-05-7

– Хонины ястай мах килограмм нь 17 мянган төгрөг –

“Хүчит шонхор” захаас махны үнийн талаар сурвалжиллаа. Бага үдийн алдад болоод ч тэр үү хөл хөдөлгөөн сийрэг байлаа.

Эхлээд гадна талбай дахь махны мухлагуудаар оров. Өнгөрсөн өвөл бэлтгэсэн хонины гулууз нэг кг нь 11,500 төгрөг байна. Нэгэн махны мухлагт 22-30 кг хүртэлх жинтэй Дундговийн хонины махнууд өлгүүрт өлгөөтэй байх ба мөн адил үнэтэй, эвдээд өгнө гэсээр худалдагч нь угтав.

Худалдаачид нөөцийн мах худалдаанд гарч, иргэд нөөцийн мах авах болсноос үүдэн өдөрт 15 гулууз зардаг байсан бол одоо таван гулууз хонины мах зарж байгаагаа ч хэлж байв. Мөн хонио шилж авч, шилж зарахгүй бол болохгүй гэв.

Мөн үхрийн мах кг нь 16-17 мянган төгрөгийн хооронд байна. Махнаасаа шалтгаалаад янз бүрийн үнэтэй байгааг худалдагч нар хэлж байв. Нэг үхрийн гуя нь 30 килограммаас дээш жинтэй ч хүмүүс боломжоороо авч байгаа аж.

Дараа нь бод малын лангуунуудаар үнэ сонирхлоо. Үхрийн ястай мах 16,000, гуя 19,500, хаа 17,000 гэхчлэн өөр, өөр үнэ хэлж байлаа. Адууны махны дундаж үнэ кг нь 11,500 төгрөг. Адууны махны худалдан авалт хэвийн байгаа юм байна. Тэмээний махны лангууны худалдагчид өдрийн 12 цагийн үед эзгүй байлаа. Хажуугийн үхрийн махны худалдагч “Тэмээний мах 12 мянган төгрөгийн үнэтэй. Ястай гэж байхгүй. Ясыг нь хэн идэх вэ” гэсэн товчхон хариулт өглөө.

Бог малын лангуунд ямааны мах гулуузаар нь авбал кг нь 7,500, цул нь 9,500 төгрөгийн үнэтэй. Хонины ястай мах дунджаар кг нь 12,500, хонины цул мах кг нь 13,500 төгрөг. Хонины ястай шинэ мах кг нь 17,000 төгрөг байв.