УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан ШИНЭ намаас гарч, АН-д нэгдэж буйгаа мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан ШИНЭ намаас мэдээлэл хийлээ.
ШИНЭ намын дарга Ц.Гантулга “Өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд Ардчилсан Намын зүгээс ШИНЭ намыг өөрийн намтай нэгдсэн мэтээр мэдээлэл тараасан. Тиймээс ШИНЭ нам анх яаж байгуулагдсан талаар мэдээлэл өгөх зүйтэй гэж үзлээ.
Анх 2019 оны есдүгээр сарын 16-нд ШИНЭ нам байгуулагдсан. ШИНЭ намыг 113 төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод хамтран Монголыг МАНАН дэглэмээс аврах, шинэ нийгмийн байгуулах эрхэм зорилготойгоор анх байгуулагдсан.
Тухайн үеийн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар 1,200 төлөөлөгчтэйгөөр анхны хурлаа хийсэн. Анх 801 хүн гарын үсэг зурснаар байгуулагдсан байсан нам одоо 24 мянган гишүүнээ үнэмлэхжүүлсэн, 50 гаруй мянган дэмжигчтэй, өдөр тутмын үйл ажиллагаагаа академик түвшинд явуулж байгаа улс төрийн хүчин болоод байна.
Энэ намын анхны дарга Ж.Батзандан АН-д орж буйгаа мэдэгдсэн. Тэр бол хувь хүний сонголт. Цөөн хэдэн хүн улс төрийн өөр нам, хүчинтэй хамтрах боломжтой гэж хэлснээр 24 мянган гишүүн болон олон зуун мянган дэмжигчийн итгэлийн өөрчилнө гэж байхгүй.
МАНАН-гийн эсрэг гэчхээд буцаад МАНАН-тай нэгдэж байгаа хүмүүстэй бид агаар хуваалцах боломжгүй. Бид хувь хүнтэй асуудлыг буруушаахгүй. Харин нийгэмд болохгүй байгаа зүйлийг засахын төлөө сэхээтнүүд, улс төрийн нам, хүчний төлөөллүүдтэй хамтарч үйл ажиллагаагаа явуулж байгаа.
ШИНЭ намын даргын хувиар хэлэхэд ганц хоёрхон хүн биднийг төлөөлөхгүй. ШИНЭ нам бүтэн, цул хэвээрээ байгаа учраас 2024 оны сонгуульд амжилт гаргана гэж үзэж байгаа.
Манай намаас гарсан гэгдэж байгаа хүмүүс өнөөдрийн байдлаар өргөдлөө өгөөгүй байна” гэлээ.
Мөн ШИНЭ намын гишүүн Д.Жаргалсайхан “Ж.Батзандан үзэл санаа, итгэл үнэмшлээсээ урваж, анд нөхдөөсөө урваж байна. Ийм хүн ард түмний төлөө ажиллаж чадахгүй. Өдөр бүр хэдэн зуун залуу бидний үзэл санааг дэмждэгээ илэрхийлсээр байгаа” гэв.
0 cэтгэгдэлтэй