35 дахь удаагийн номын баяр энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд буюу тавдугаар сарын 17-19-ний өдрүүдэд болох байсан. Гэвч зохион байгуулах хугацаанд өөрчлөлт орж, тавдугаар сарын 18-20-нд болохоор болжээ.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гараг” гэж тусгасны дагуу энэхүү өдрүүд тэмдэглэлт өдөр болон хуульчлагдсан. Энэ жил номын баяр нь 34 нас хүрч байна. Ном, хэвлэлийн салбарт ажилладаг иргэн, ААН-үүдийн төлөөлөл энэ өдөр зохиол, бүтээлээ хямралтай үнээр худалдаалдаг. Мөн дуртай, хайртай зохиолч, орчуулагчидтайгаа уулзаж ярилцах, цаашлаад гарын үсэгтэй номыг нь худалдан авах боломжтой юм.
“Номын баяр”-ын санаачлагч, “Номын соёлт ертөнц” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Сувд “Энэ удаагийн номын баярт Английн “Andrew Nurnberg Assocaites” утга зохиолын агентлаг, Туркийн “Introtema” орчуулгын болон зохиогчийн эрхийн агентлагийн төлөөлөгчид ирж Монголын хэвлэн нийтлэгчдэд сонирхолтой номуудыг санал болгох, гадны зах зээлд номоо гаргах хүсэлтэй зохиолчийн бүтээлтэй танилцана. Энэ нь Монголын ихэнх паблишингд шинэ боломжийг үүсгэх үйл ажиллагаа болно гэж бид харж байгаа. Мөн Унгар, Казакстан, Орос, Солонгос зэрэг улсаас хэвлэн нийтлэгчид хүрэлцэн ирэхээр болсон” гэжээ.
0 cэтгэгдэлтэй